С портын болон уран сайхны гимнастикийн УАШТ энэ сарын 6-7-нд “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Тэмцээнд 19 багийн 253 тамирчин 18 багц медалийн төлөө хүч сорив. Орон нутгаас Дархан-Уул, Орхон, Өвөрхангайн гимнастикчид хүрэлцэн иржээ. УАШТ-д оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. Залуучуудын олимпийн аварга, спортын гимнастикийн ОУХМ Г.Эрдэнэболд УАШТд хэрхэн оролцох бол гэсэн асуулт олны анхаарлын төвд байв. Азийн АШТ-ээс мөнгө, Азийн хүүхдийн наадмаас хүрэл медаль хүртэж, “Сингапур-2010”-т түрүүлсэн энэ залууг “Рио-2016” их олимпод хүч сорих найдваруудын нэг гэж Гимнастикийн холбооныхон үздэг. Харин энэ удаа Эрдэнээ хэрэглэл тус бүрийн нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэлсэн юм. Түүний өмнө залуу тамирчин А.Энхтулга, А.Жаргалсайхан нар оржээ. Гимнастикийн спортод залуучууд түрэн орж ирж байгааг энэ тэмцээн харууллаа. Уран сайхны гимнастикийн хувьд Э.Ууганбаяр, Х.Ундрам тэргүүтэй охидын дунд гол өрсөлдөөн өрнөсөн. Хотын АШТ-д Х.Ундрам нь түрүүлсэн бол улсын аваргад Э.Ууганбаяр хамгийн шилдэг нь байв. Дашрамд дурдахад энэ жилийн хувьд гимнастикчдыг Инчонд болох Азийн зуны спортын наадам, БНХАУ-д зохиогдох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. Дээрх тэмцээнүүдэд хүч сорих шилдгүүдээ УАШТ-ээс сонгож авсан юм.