Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга албан тушаалаасаа татгалзах хүсэлт гаргаснаас хойш АН доторх бужигнаан түр намжаад байна. Дотоод зөрчил нь ойлголцлоор төгсөх тийшээ хандаж байгаа бололтой. Засгийн газрын тухай хуулийг энэ оны долдугаар сараас хэрэгжүүлэхээр МАН-ынхантай хамт санал өгсөн гишүүн Р.Бурмааг намын 13 гишүүн нь ихэд “ад үзэж”, Хяналтын ерөнхий хороондоо гомдол гаргасан. Тус хороо гомдлыг хэлэлцээд “Хөөх нь зөв” гэж үзсэнээр нэг хэсэг шуугиан дэгдсэн. Түүнтэй адил санал өгсөн Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт нар тойргоос сонгогдсон учраас дураараа санал өгч болно, жагсаалтаар гарч ирсэн гишүүд өөрийн үзэл бодолтой байх ёсгүй гэсэн тэнэг зарчим АН-ын энэ шийдвэрээс харагдсаныг нэг хэсэг шүүмжлэв. Тэгээд ирмэгц “Асуудлыг Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ) эцэслэн шийднэ. Хяналтын ерөнхий хороо шийдвэр биш, дүгнэлт л гаргасан” гээд байдлыг зөөлрүүллээ. Засгийн газрын тухай хуулийг батлах болоход олонх эсрэг санал дарснаар төслийг санаачлагчдад нь буцаасан. Энэ санал асуулгад “эсэргүү” дөрөв байр сууриа хамгаалснаас гадна УИХ-ын дарга З.Энхболд, гишүүн Р.Амаржаргал нар нэмж нэгдсэн юм. З.Энхболд УИХ-д жагсаалтаар сонгогдсон. Одоо Хяналтын ерөнхий хорооны дүгнэлтээр бол З.Энхболдыг ч бас хөөх болчихоод байгаа юм. Гэтэл эцсийн шийдвэрийг нь гаргах учиртай ҮЗХ сүүлийн гурван жил хуралдаагүй байдаг.
ҮЗХ, ЖИГҮҮР Ч СУРАГГҮЙ
АН-ын дүрэм ёсоор ҮЗХ нь жилд хоёроос доошгүй удаа хуралдах ёстой аж. Мөн 228 гишүүнийхээ гуравны нэгийг жил бүр ротацийн сонгууль явуулан солих учиртай. 2011 онд хуралдахдаа тэд “Сонгууль өнгөртөл ротаци хийхгүй байя” гэж тохирсон байдаг. Тэгвэл сонгууль дуусаад бараг хоёр жил болж байна. Өнөөх нөхөн сонгууль сураггүй. АН- ын удирдлагууд эрх баригч болмогцоо намын аппаратаа мартсан, ҮЗХ хурлаа хийхгүй, асуудлаа шийдэхгүй байна хэмээн үзсэн хэсэг гишүүн нь өнгөрсөн оны сүүлчээр жигүүр байгуулан тэмцэв. Мөн дүрмээ зөрчиж байгаа удирдлагууддаа хариуцлага тооцох талаар ч хөндсөн. Хэдэн фракцууд нь эрх мэдлээ хадгалахын тулд намын ажлыг зогсоогоод “гацаачихсан” хэмээн тэд шүүмжилж, энэ бүхнээ засахыг шаардаж байлаа. Жирийн гишүүдээ сонсохгүй, залуусын төлөөллийг ҮЗХ-нд оруулахгүй, цус сэлбэхгүй байна гэсэн юм. ҮЗХ-г хуралдуулж, улмаар их хурлаа хийхийг хүчтэй шаардаж байсан жигүүр гэвч хэдхэн сарын настай байжээ. Тус жигүүрийн зохицуулагч Д.Ганболдоос ҮЗХ ч хуралдуулах шаардлага юу болсныг лавлахад “Хуралдуулна, эргээд хариу өгнө гээд л таг болсон” гэлээ. Жигүүрийнхнийхээ амыг таглаад, ямар нэг “бялуу” амсуулаад гомдлыг нь тайлчихсан бололтой, нөгөөдүүл нь ч таг чиг болчихож. Р.Бурмаа гишүүнийг хөөх, эсэхтэй холбоотойгоор ҮЗХ хуралдах тухай яриа дахин сэргэсэн. Дүрэм ёсоор товыг намын дарга эсвэл ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэгийн саналын дагуу Гүйцэтгэх зөвлөлөөс нь зарлах учиртай. Гэхдээ одоогоор АН-д ҮЗХ-ны хурал зарлах сураг чимээ алга.
ШАЛТГААН НЬ ЮУ ВЭ
Намаасаа хөөгдөх шахсан Р.Бурмаа гишүүн нэгэн телевизийн ярилцлагад орохдоо энэ талаар “Намын даргыг дөрвөн жилээр сонгодог. Н.Алтанхуяг даргын бүрэн эрхийн энэ хугацаа хоёр жилээр хэтэрчихсэн байгаа. Одоо ҮЗХ-гоо хуралдуулбал түүнийг өөрчлөх эсэхийг ярилцана. Үүнээс эмээгээд намын дарга ҮЗХ-г зарлаж чадахгүй байгаа” гэж ярина лээ. Энэ шалтгаан үнэн бол Н.Алтанхуяг лав ҮЗХ-ны хурлыг зарлахгүй. Тэр тусмаа итгэл үнэмшлээрээ санал өгсөн УИХ-ын гишүүнийг хуулиас давсан дүрмийг үндэслэн хөөхөөр ҮЗХ-ны хурал зарлах юм бол АН-ын нэр хүнд шалан дээр унана, ардчиллын гол зарчмаас ухарсан болно. Бас нэгэнт хурал зарласан бол хуримтлагдсан олон асуудлаа шийднэ гээд гишүүд нь зүтгэчих учир түүнд эрсдэлтэй нөхцөл үүсэх биз. Тэгэхээр Н.Алтанхуягт бүрэн эрхийнхээ хугацаа дуустал “гүрийх” зам үлджээ. Тэгвэл ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэг нь хурлаа хийх санаачилга гаргаж төвдөх болов уу. Тэнд “Алтангадас”, МоАХ, “Шонхор” зэрэг АН-ын хэдхэн фракц голлодог. Тэд “бялуу”-гаа хуваагаад идчихсэн учраас бас л зориг хүрэхгүй байх. Ингээд Р.Бурмааг хөөх асуудал салхинд замхарч, ҮЗХ хуралдах сураг ч мартагдах болох вий. Нэг ёсондоо дотоод зохион байгуулалт, дүрэм журмаа өөрчлөх талаар тус намын удирдлагууд хөдлөхгүй байхаар шийджээ. Тэгэхээр АН-д амьдрал “тайван” байна.
АРДЧИЛСАН НАМЫН ДҮРМЭЭС
6.4. Үндэсний зөвлөлдөх хороо
6.4.1. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний суудлын тоо 228 байна. Үүнээс 50-иас доошгүй суудал нь эмэгтэй гишүүдэд ногдоно. Жил бүр дотоод сонгуулийн хорооноос тогтоосон квотоор, тогтсон хугацаанд ҮЗХ-ны гишүүний эргэлтэд хамрагдах (ротаци) сонгууль явагдана.
6.4.4. ҮЗХ жилд хоёроос доошгүй удаа хуралдана.
6.4.5. ҮЗХ-ны хурлын товыг уг хурал болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө Намын дарга эсвэл Гүйцэтгэх зөвлөл зарлана. ҮЗХ-ны ээлжит бус хурлын товд дээрх хугацаа хамаарахгүй.
6.4.9.12. ҮЗХ-ны нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар намын Үндсэн дүрмэнд нэмэлт, өөрчлөлт оруулах.