Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоол баталсантай холбогдуулан Засгийн газраас хэд хэдэн хууль, тогтоолын төсөлд өөрчлөлт оруулан өргөн барих үүрэг хүлээсэн. Хууль, эрх зүйн орчноо сайжруулж, хувийн хэвшлийнхнээ дэмжих замаар 100 хоногт багтаан эдийн засгаа эрчимжүүлэх үүргийг тэд хүлээгээд буй. Энэ хүрээнд Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн зарим асуудлаар өчигдөр “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл өглөө. Юуны өмнө жижиг, дунд үйлдвэрлэл эрхчлэгчдийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр шийджээ. Уг асуудлыг зохицуулсан хуулийн хэрэгжих хугацаа 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан учраас 2016 оныг дуустал хүчинтэй байхаар сунгах юм.
Манай улсад 66500 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас 92 хувь нь 20 хүртэл ажилчинтай жижиг, дунд үйлдвэрлэл аж. Тэдний 80 хувьд тоног төхөөрөмжөө өргөтгөх, шинэчлэх шаардлага байгааг судалгаагаар тогтоожээ. Энэ шийдвэр нь экспортыг дэмжиж, импортыг орлох зорилгоор хэрэгжүүлж буй Засгийн газрын ажилтай уялдах нь. Мөн томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх хугацаанд тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан. Үүний тулд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас шийдсэн байна. Төсвийн тодотгол хийхдээ урсгал зардлыг 10-30 хувиар хасахаар төсөлд тусгасан. Энэ зардлаа цалин, тэтгэврийн нэмэгдлээс хасах нь гэсэн яриаг Ерөнхий сайд няцаалаа.
Түүнчлэн Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журамд өөрчлөлт оруулж, орон нутагт амины орон сууц барьж буй иргэдийг хамруулах шийдвэр гаргасан билээ. Ингэснээр орон нутагт зээлийн хүү долоон хувь байх гэнэ. Нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн жагсаалт дотор Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл бий. Уг хуулийг баталснаар далд эдийн засгийн нөлөө буурч, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ хэмээн Засгийн газар тооцжээ. Үүнээс гадна татварын орчноо таатай болгох замаар эерэг шийдэлд хүрч болно гэж үзсэн байна. НӨАТ-ын тухай хуулийг өөрчилснөөр татварын хоёр дахь шатны шинэчлэлийг хийх нь. Тухайлбал, албан татвар төлсөн бол хоёр хувийг нь буцаан олгох, босгын хэмжээг инфляц, эдийн засгийн өсөлттэй уях, татвартай холбоотой нэр, томъёонуудыг энгийн ойлгомжтой болгох, хариуцлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх зэргээр өөрчлөх юм байна. Аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд манай улсад визгүй зорчдог орны тоог нэмж, хаалгаа нээх зэргээр гаднаас авахаас илүү “авдраа уудлах” зарчим баримтлахаа Ерөнхий сайд энэ үеэр онцоллоо.
С.ТУУЛ