БНМАУ-ын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ой 2016 онд тохиох аж. Ойг угтаж “Ю.Цэдэнбал” академийнхан түүний тухай баримтат кино бүтээжээ. Ю.Цэдэнбал Монголын төр, засгийг 1940-1984 оны хооронд удирдахад манай улс НҮБ-д элсэж, 100 шахам улстай дипломат харилцаа тогтоож, 300 орчим үйлдвэр, 500 гаруй сургууль, цэцэрлэг байгуулж, ард түмнийг нийтээр нь бичиг үсэгтэй болгосон зэрэг иргэдийн амьдралыг дээшлүүлэн соёлжуулж, улсын хөгжил, тусгаар тогтнол, батлан хамгаалах хүчийг бэхжүүлсэн олон ажил хийсэн юм. Тиймээс түүний үйл хэрэг, алдар гавьяаг залуучуудад мэдүүлэх зорилгоор “Ю.Цэдэнбалын эрин үе” баримтат кино бүтээжээ. Кинонд түүний үйл хэрэг, алдар гавьяанаас гадна хэлмэгдэж нас барсан тухай нь үнэн бодитоор өгүүлсэн аж. Киног бүтээхдээ Ю.Цэдэнбалын 1937-1987 онд хөтөлсөн хувийн тэмдэглэлийг ашиглажээ. Найруулагчаар нь н.Хатуучулуун, зөвлөхөөр МУИС-ийн багш, судлаач Ц.Жамбалсүрэн ажилласан уг кино өнөөдөр NTV телевизээр үзэгчдийн хүртээл болно.