Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа төрийн алба руу гэнэтийн механик нүүдэл чиглэж, төрийн албаны орон тоо, бүтэц данхайж, төсвийн үргүй зардал нэмэгдэх болсон. Энэ талаар МАН-ын Улаанбаатар хотыг хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон нийслэлийн ИТХ ын төлөөлөгч Т.Гантөмөр нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд “Нийслэлийн төр захиргааны байгууллагын бүтэц сүүлийн хоёр жилд өргөсөж, орон тоо, зардал өссөн” гэв. Жишээ нь, 2012 онд Улаанбаатар хотын захиргаа 3809 албан хаагчтай байсан бол 2014 онд 5210, нийслэлийн төсвөөс санхүүждэг байгууллага 2012 онд 6860 байсан бол 2014 онд 8359 болж, нийт орон тоо 2900 хүнээр нэмэгдсэн байна. Түүнчлэн 2012 онд 25.8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж асан цалингийн зардал 2014 онд 50.2 тэрбум төгрөг болж, 94.5 хувиар өссөн. Мөн 2012 онд 57 байсан Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар 2014 онд 74 болж нэмэгдсэн бөгөөд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой, харин дүүргийн Засаг дарга нар 1-4 орлогчтой болсон байна.