Дундговийн удирдлагууд бас л бужигнаж эхэлжээ. Тус аймгийн ИТХын 25 төлөөлөгчийн 13 нь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулахаар ИТХын дарга С.Буджавт шаардлага хүргүүлсэн байна. Засаг даргыг огцруулах болсон шалтгаанаа орон нутгийн сонгуулиас хойш нэг жил зургаан сар өнгөрөөд байхад үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулаагүй, шийдвэр гаргах түвшинд төрөл саднаа томилон төрийн албыг төрлийн алба болгосон, Төрийн албаны тухай хуулийг зөрчин, хууль бус томилгоо хийж, хөрөнгө зарцуулж байгаа гэсэн үндэслэлээр тайлбарлажээ. Мон гол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.6 дахь заалтыг үндэслэн, тус аймгийн ИТХ 15 хоногийн дотор уг шаардлагыг хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэх аж. Тус аймгийн ИТХ энэ сарын 24нд 2014 оны анхны хурлаа хийнэ. Уг хурлаар орон нутгийн төсвийн тодотголоо хэлэлцэх бололтой. Үүний дараа ирэх долоо хоногт С.Сүхбаатарыг огцруулах, эсэхийг шийдэх сурагтай.