ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулсан Олон улсын эдийн засгийн форумын үеэр манай талын хийсэн уулзалт, түүний үр дүнтэй холбоотой сайн мэдээ үргэлжилж байна. Байгалийн хийн хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулах асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУын Ерөнхийлөгчөөс нааштай хариу сонссон бол манай Газрын тосны газар, нефть импортлогчид ч ганзага хоосон ирсэнгүй. Монгол Улс нефтийн хэрэглээнийхээ 60 хувийг ОХУ-аас, тэр дундаа төрийн өмчийн газрын тосны магнат “Роснефть” компаниас импортолж байгаа. Тэгвэл дээрх форумын үеэр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Роснефть” компанийн ерөнхийлөгч Игорь Сечин нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан юм. Ингэснээр “Роснефть” компани Монголд нефтийн бүтээгдэхүүний хангамжийн дэд бүтэц бий болгох, нефть болон хийн ордод хайгуул хийх эрх үүсэж буй аж. Үүнээс гадна “Роснефть” компани манай “Магнай Трейд”, НИК, “Шунхлай” групптэй хамтран ажиллах, газрын тосны бүтээгдэхүүнээр хангах таван жилийн гэрээ байгууллаа. Гэрээний дагуу ирэх зургадугаар сарын 1-нээс 2019 оны тавдугаар сарын 31 хүртэл сая гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүнийг манай улсад нийлүүлэх аж. Нийлүүлэлтийн өртөг нэг тэрбум доллар байх нь. Мөн Сингапурын биржийн өртгөөр гэрээгээ хийснээр өмнөхөөсөө хямдаар шатахуун нийлүүлэх юм.
ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмснээр манай нефть бүтээгдэхүүний хэрэглээний 80 хувийг хангах болно. Уулзалтын үеэр тус компанийн ерөнхийлөгч Игорь Сечин “Монголын зах зээл их ирээдүйтэй. Тиймээс манай компани Монголд итгэлтэй, бат бөх байр суурьтай болсондоо их баяртай байна. Бид цаашид ч монгол түншүүдтэйгээ харилцан ашигтай хамтран ажиллах болно” гэж мэдэгдсэн. Импортлогч компанийн төлөөлл үүд “Бид гэрээний төсөлд нэлээд хугацаа зарцуулж ажилласан. Сингапурын биржийн үнээр гэрээ хийлээ. Энэ нь олон талын ач холбогдолтой” гэсэн юм. Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурснаар манай талд ямар боломж нээгдэх вэ?
-“Роснефть” компанийн ерөнхийлөгч И.Сечин өмнө нь Монголд айлчлахдаа нефть бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх боломжийг судлах, газрын тосны хайгуул, судалгааны ажилд оролцох сонирхлоо илэрхийлсэн. Мөн манай авиа компаниудыг онгоцны түлшээр хангах, шинээр барих онгоцны буудалд түлш нийлүүлэх саналаа тэр үед тавьсан. Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурснаар эдгээр саналыг судлах, ажил хэрэг болгох чиглэлээр хамтран ажиллахаар болж байгаа.
-Манай импортлогч компаниудтай таван жилийн гэрээ бас байгууллаа. Үнээ өмнөхөөс хямдаар тохирсон гээд байгаа. Үүнээс жилд хэдий хэмжээний хөрөнгө хэмнэх вэ. Мөн нийлүүлэх үнэ буурснаар жижиглэнгийн үнэд нөлөөлөх үү?
-Импортлогч компаниуд “Роснефть”-тэй Сингапурын биржийн ханшаар гэрээ байгуулсан. Энэ нь 50-100 доллараар хямд. Жилийн өмнөхөөс 300 доллараар хямд өртөг. Хилийн үнэ хямдрахад жижиглэнгийн үнэ мэдээж буурдаг. Гэвч одоо валютын ханш өндөр байгаа учраас жижиглэнгийн үнэд эерэг өөрчлөлт гарахгүй байх. Улс орны эдийн засагт бол мэдээж эерэг нөлөөтэй. Бид сард доод тал нь 7-10 сая, жилд 120 сая доллар хэмнэх ашигтай гэрээ хэлцэл хийлээ. Одоо шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэл гарахгүй.
В.ПУТИНИЙГ МОНГОЛД АЙЛЧЛАХ ҮЕД СТРАТЕГИЙН ДУНД ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭНЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй Санкт-Петербург хотод уулзахдаа ярилцсан бас нэг зүйл нь хоёр орны иргэдийг харилцан визгүй зорчуулахтай холбоотой асуудал байв. Шанхайд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахдаа манай Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж энэ талаар мөн хөндсөн. П.Жасрайн Засгийн газрын үед хоёр орны иргэдийг харилцан визтэй зорчуулах санаачилга гаргаж, ажил хэрэг болгосон юм билээ. Харин одоо энэ саналаа цуцлахыг Монголын тал хүсэж байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч асуудалд нааштай хандсан ч тус улсын хуулийн дагуу эхлээд зөвшөөрөлгүй оршин суугчдаа солилцох ёстой гэжээ. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэлээс зарим зүйлийг тодруулсан юм.
-ОХУ, Монголын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орсон байсан. Ерөнхий сайдын айлчлалын дараа хамтын ажиллагаа сэргэх нь. Та Элчин сайдын хувьд энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Монгол Улс хоёр том хөрштэй, тэдэнтэйгээ стратегийн хувьд их ойр дотно түншлэх ёстой. Сүүлийн жилүүдэд урагшаа түншлэл сайжраад хойд чиглэлдээ хоцрогдсон. Бид хоёр хөршийн сонирхлыг тэнцүүлэх ёстой. Энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгаа. Олон улсын эдийн засгийн форум Украины байдлаас үүдсэн уур амьсгалыг зөөллөж байна.
-Хоёр улсын хооронд иргэд визгүй зорчих талаар бас ярьсан. Энэ хүрээнд эхлээд хууль бусаар амьдарч буй иргэдээ солилцох ёстой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн...
-Манай улс БНХАУ-тай харилцан визгүй зорчдог. Уг зарчмаар хойд хөрштэйгээ ч визгүй болох учиртай. Энэ талаар олон жилийн турш ярьсан. Үүнийг шийдвэл гадаад худалдааны эргэлт, эдийн засагт ч нааштай үр дүн гарна. Худалдааны тэнцвэр хоёр улсын дунд алдагдсан шүү дээ. Хэдийгээр нефть бүтээгдэхүүн импортолдог ч худалдааны төрөл цөөн байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй Ерөнхий сайд уулзах үеэр тэд дээрх журмаа тайлбарласан. Визгүй зорчих асуудлыг шийдэхийн өмнө хууль бусаар амьдрагчдаа солилцох нь энэ улсын хууль. Тиймээс тэд хуульд захирагдана гэдгээ хэлсэн. Мэдээж Монгол Улс ямар нэг шалтгаанаар иргэдээ татах гэж хичээхгүй. Тиймээс энэ асуудалд манай иргэд олноор өртөхгүй байх. ОХУ-д Монголоос голдуу оюутнууд сурч, амьдардаг.
-Хоёр орны хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны гэрээ байгуулах хүсэлтээ Ерөнхий сайд уулзалтын үеэр илэрхийлсэн. Энэ асуудлыг хэзээ шийдэх боломжтой бол?
-Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулахаар тохирсон. Ирэх наймдугаар сард Халх голын дайнд ялсны 75 жилийн ой болно. Үүнд Ерөнхийл өгч В.Путин оролцохоо мэдэгдлээ. Түүнийг Монголд айлчлах үеэр уг хөтөлбөрт гарын үсэг зурах төлөвлөгөө бий.
С.ТУУЛ