Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Шведийн Вант Улсад албан ёсны айлчлал хийлээ. Монгол Улс, Шведийн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн энэ онд тохиож буй бөгөөд Шведийн ажил хэрэгч хүмүүс, аялагч судлаачид Монгол нутагт ирж харилцаа тогтоосон цаг үеийг эргэн санавал үүнээс хавьгүй олон жилийн ойр дотно харилцаатай.
Өнөөдөр тус улс манай улстай тогтоосон улс төр, эдийн засаг, соёлын харилцаагаараа Европын орнуудад дунд тэргүүлэгчдийн нэг бөгөөд Скандинавын хойг дахь манай чухал түнш болоод байгаа юм. Иймээс ч энэ удаагийн айлчлал 2012 онд хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын мөрөөр хэрэгжиж байгаагаараа онцлог бөгөөд Гадаад харилцааны сайдын хувиар түүхэндээ анхны болж буйгаараа ач холбогдолтой. Дипломат харилцааны ой болон айлчлалыг тохиолдуулан талууд олон салбарыг хамарсан өргөн хүрээтэй ажлуудыг зохион байгуулав.
Айлчлалын үеэр сайд Л.Болд Шведийн Гадаад хэргийн сайд Карл Билдт-тэй албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсоноос гадна олон улсын бусад асуудлаар ярилцсан бөгөөд Монгол Улс 2015 онд “Онлайн эрх чөлөө” эвслийн V бага хурлыг даргалах болсонтой холбогдуулан Шведийн тал энэхүү хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Сайд Л.Болд мөн Шведийн Парламентын дарга Пер Вестерберг, Төрийн захиргаа, орон сууцны сайд ноён Стефан Аттефальт нартай уулзаж, парламент хоорондын харилцаа, тус улсын төрийн байгууллагуудын бүтэц, тогтоолцооны талаар санал солилцон төрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцсаны дээр энхийг дэмжих үйл ажиллагаа, стратегийн чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулдаг Энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааны төлөө Шведийн засгийн газрын агентлаг буюу Фолк Бернадоттын акамемид ажиллалаа.
Швед Улсад өдгөө 4500 гаруй Монгол иргэд байнга оршин сууж байгаа бөгөөд тэнд төрж өссөн Монгол хүүхдүүд цөөнгүй бий. Эдгээр хүүхдүүдэд Монгол хэл соёлоо сургаж түгээн дэлгэрүүлэх нь нэн чухал бодлогын зорилт болоод байна. Энэ чиглэлээр хийсэн бусад улс дахь Монголчууд, элчин сайдын яамд санаа авахаар тоймтой ажлуудаа Монгол Улсаас Швед Улсад суугаа Элчин сайд З.Алтай Гадаад харилцааны сайдад танилцуулсан. Энэ чиглэлийн бас нэг ажил болгож сайдын айлчлалын үеэр Монголын бурхны шашны Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц Шведийн монголчуудтай уулзан сургаалиа айлдлаа. Үүний зэрэгцээ Стокгольм хотын соёлын төвд Монгол зураачдын уран зургийн үзэсгэлэн гарч ардын урлагийн тоглолт болсныг олон орны төлөөлөгчид үзэж сонирхов. Эдгээр олон арга хэмжээний талаар 25¬–р суваг телевизийн уран бүтээлчид цуврал нэвтрүүлэг бэлтгэн гаргах юм.
Айлчлалын бүрэлдэхүүнд МҮХАҮТ–ын дэд дарга М.Оюунчимэгээр ахлуулсан бизнесийн төлөөлөгчид мөн багтсан. Шведийн Бизнес зөвлөлийн байранд болсон хоёр талын бизнес уулзалтад сайд Л.Болд оролцож Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин, Засгийн газрын бодлогын талаар мэдээлэл хийлээ. Уулзалтад Сандвик, ABB зэрэг тус улсын дэлхийд нэртэй томоохон компаниуд оролцсон юм. Швед Улс харьцангуй цөөн хүн амтай, төдийлөн том улс биш хэдий ч маш өндөр түвшинд аж үйлдвэржсэн хөгжингүй орон бөгөөд Volvo, Scania, Saab, Икеа зэрэг алдартай брэндүүд эндээс төрөн гарсан. Тэдний нэг болох инженерингийн чиглэлийн дэлхийн тэргүүлэгчдийн нэг Atlas Copco компанийн төв байр, түүний доор байгуулсан уурхай, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг манай төлөөлөгчид үзэж танилцсан юм.