Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өчигдөр 18.00 цагт хуралдаж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшигчийг тодруулахаар хэлэлцэв. МоАХ фракцаас Ш.Түвдэндорж, “Шонхор” фракцаас Г.Баярсайхан, Б.Мөнхтуяа нар өрсөлдөхөөр болсон гэх мэдээ тус намын ҮЗХ-ны хурлын үеэр дуулдаж байв. Ингээд уг суудал МоАХ фракцын мэдлийн квот байсан гэдэг зарчмын дагуу УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилуулахаар шийдвэрлэжээ. Г.Баярсайхан гишүүний хувьд Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэгтэй, өөрөө идэвхтэй зүтгэж байсан ч яах аргагүй фракцын квотоос хамааран мултрав бололтой.
Харин Ш.Түвдэндоржийн ах Ш.Төмөрбаатар нь олон жилийн өмнө Х.Баттулгад “Мах импэкс”-ийг хувьчилж авахад нь тусалж байсан учраас дэмжлэг сайтай байлаа гэх сураг дуулдсан. Энэ нь зөвхөн хардлага байлаа гэхэд Ш.Түвдэндорж УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнөх хугацаанд нийслэлийн АН-ын хороог амжилттай удирдаж байсан хөдөлмөрийг нь үнэлсэн биз. Тэрбээр Батлан хамгаалахын сайд, МоАХ-ны дарга, ЗГХЭГ-ын дэд дарга, АН-ын генсекээр ажиллаж байсны хувьд чамлахааргүй туршлагатай улстөрч юм. Дашрамд дурдахад, ҮХАА-н сайдад олон нэр дэвшигчийн хувилбар дуулдаж байсны дотор УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяаг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн экс сайд санал болгосон гэнэ.
Одоогоос дөрвөн жилийн өмнө Х.Баттулга тухайн үеийн ҮЗХ-ны 86 гишүүнийг нэгтгэн МоАХ фракц байгуулахад тэр талаар хамт мэдээлэл өгөн ил гарсан Б.Мөнхтуяа өнөөг хүртэл Х.Баттулгатай тууштай нөхөрлөж яваа. Б.Мөнхтуяаг С.Одонтуяа тэргүүтэй эмэгтэй гишүүд болон давхар дээлээ тайлах Х.Баттулга гишүүний зорилгыг биелүүлэх нэгэн байсных нь хувьд дэмжих байв. Гэвч ҮЗХ дотор эдүгээ Ш.Түвдэндорж гишүүн аргагүй хүчтэй байгаа аж. Түүнийг ҮХААн сайдаар томилох, эсэхийг холбогдох Байнгын хороод хэлэлцэн, УИХ эцэслэн шийдвэрлэх юм.
У.ОРГИЛ