УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит довтолгоондоо бэлдэж байна. Сөрөг хүчний зүгээс шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнд “Ажлаа хийж чадахгүй байгаа сайд нартаа өөрөө хариуцлага тооц” гэсэн шаардлага хүргүүлж, 10 хоногийн хугацаа олгосон. Энэ хугацаа дууссан, гэхдээ Ерөнхий сайд танхимаа “ганхаах” ямар нэг оролдлого хийсэнгүй. Үүний оронд эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлэхдээ санаа тавин ажиллаж буй.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Энэ хугацааны дараа Засгийн газар эдийн засгаа идэвхжүүлж чадахгүй бол бид өөрсдөө хариуцлага ярина. Бүтцийг эргэж харах болно” гэж мэдэгдсэн нь МАН-ынханд өгсөн хариулт байжээ. Мөн Засгийн газрыг тогтвортой ажиллах боломжоор хангана гэдгээ хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа өөд татахаар амласан хугацаагаа дуустал олонх ба Засгийн газар сандал, ширээ хөдөлгөхгүй. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногоос 20 нь өнгөрөөд байна. Үр дүн гартал 80 хоног дутуу ч сөрөг хүчнийхэн хүлээхийг хүссэнгүй.
БҮХЭЛД НЬ УНАГАХ УУ, “ШҮД СУГАЛАХ УУ”
Ийм хувилбарыг МАН-ынхан ярьж буй юм. Н.Алтанхуягийг огцруулбал Засгийн газар бүхэлдээ унана гэсэн үг. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард МАН-ынхан шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулах тогтоол өргөн барьж байсан. Төрийн албанд хууль бусаар халаа сэлгээ хийсэн, Засаг дарга нарыг томилохдоо намаар ялгасан, хоёр орны харилцаанд сэв суулгах болчимгүй үг хэлсэн, эгчийнх нь охины компани тендерт ялсан, бондын мөнгөөр алт авсан зэрэг есөн үндэслэл дэвшүүлсэн ч тэд амжилт олоогүй. Үнэндээ тэр үед эдийн засагтай холбоотой бодит үндэслэл байсангүй. Тухайн үед “Байгуулагдаад найман сар болж буй Засгийн газарт ажиллах хугацаа олгоё” гэсэн байр суурь давамгайлсан. Мөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засаг муудаж эхэлсний хариуцлагыг МАН-ынхан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нараас нэхэв. Олонх ч хамгаалалтаа хийсэн, авч үлдсэн. Энэ удаа тэд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулж, “шүд сугалах” уу, Ерөнхий сайдыг огцруулж, танхимыг бүхэлд нь өөрчлөх үү гэсэн хувилбарыг ярилцаж байгаад Н.Батбаяр дээр тогтжээ.
СӨРӨГ ХҮЧНИЙ АЛДАА, ОНОО
Үргэлж дутуу, дулимаг зүйл хийдэг нь МАН-ын гол алдаа. Тэд сайд огцруулах асуудал хөндөхдөө үндэслэлээ бодитой гаргадаггүй, баталгаажуулж чаддаггүй. Бас буруу хэлбэр сонгодог. 90 жилийн түүхтэй том намаас хүүхдийн гэмээр гэнэн алхам гарч, нэр хүндийг нь унагаад байгааг өөрсдөө ч анзаардаггүй. Ерөнхий сайдыг огцруулахдаа хэлсэн үгийг нь үндэслэл болгосон, “Албан хаагчдыг хоморголон халсан” хэмээх сүржин үг хэрэглэчихээд “Яг ямар байгууллагаас, хэн хэн гэдэг хүнийг халсан жагсаалтыг нь аваад ир” гэхэд л нам суучихдаг. Эдийн засгийн байдал муудаад, иргэдийн амьдралд нөлөөлөөд эхэлсэн нь үнэн. Байдал ийм дээрээ хүрэхийг тэд жилийн өмнөөс сануулсан нь ч үнэн. Гэхдээ хөрсөн дээр буухаас илүү хийрхэлдээ автаад байдаг учир удаа дараа үр дүнгүй алхам хийчихжээ. Тэгвэл энэ удаа тэд буурьтайхан тооцоод жинтэйхэн хөдөлж чадах уу. АН дотор Засгийн газрыг огцруулах сонирхолтой гишүүд бий учраас өмнөхөөсөө арай олон санал авч мэднэ. Гэтэл МАН дотроо энэ асуудлаар байр суурийн зөрчилтэй байгаа гэсэн мэдээлэл чих дэлсэв. Тийм бол эсрэгээр санал хуваагдах ч магадлалтай.
Олонхийн хувьд “100 хоногийг дуустал хүлээх нь зөв” гэсэн байр суурь давамгайлах болов уу. Х.Тэмүүжин сайдыг авч үлдэх, цаагуураа Засгийн газраа хамгаалахын тулд АН-ынхан МАХН-ын Н.Энхбаярт улс төрийн өндөр албан тушаал амлан байж гэрээ хийсэн. Энэ гэрээ одоо ч үйлчилнэ. Тэгэхээр МАН-ын санал газар авахгүй байх магадлал өндөр. Тэд бас л улстөржсөн, хийрхсэн нэр зүүгээд үлдэнэ. Эдийн засгийг эрчимжүүлэх цаг хугацаанаас хороосон, төрийн ажлыг саатуулсан нэр зүүнэ. Нэгэнт л 80 хоног хүлээхгүйгээр хөдөлнө гэж байгаа бол асуудлаа жинтэйхэн оруулж, гарах үр дүнгээ ч сайн тооцох ёстой.