Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн урилгаар ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Тэрбээр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхав. Ерөнхийлөгчид бараалхах үеэр хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцаж, олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцлоо. Үүний дараа Ц.Энхтүвшин, Н.П.Патрушев нар хэвлэл мэдээллийнхэнтэй уулзсан юм.
Ц.Энхтүвшин “Хоёр орны аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын уулзалт хэлэлцээ өндөр хэмжээнд боллоо. Энэ үеэр хоёр улсын аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах талаар ярилцсан. Мөн гурван улсыг хамрах төмөр замын асуудлаар ч санал солилцлоо” гэв. Н.П.Патрушев “Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй хоёр улсын стратегийн аюулгүй байдлын асуудлаар бүрэн хэмжээний зөвлөлгөөн хийлээ.
Хоёр орны иргэдийн харилцан визгүй зорчих асуудлыг шийдвэрлэх хэлэлцээрт Монголын тал гарын үсэг зурахад бэлэн болсныг бид сайшаан дэмжиж байна. Ингэснээр хоёр орны ард түмний хэлхээ холбоог сайжруулахад тус дөхөм болно. Түүнчлэн Украины асуудлаар Монгол Улс сайтар бодож боловсруулсан байр суурь баримталж буйг бид өндрөөр үнэлж байгаа. Украинд болсон хэрэг явдал бол Өрнөдийн зүгээс өөрсдөд нь таалагдаагүй Засгийн газрын эсрэг ямар бодлого явуулдгийн тод жишээ юм. Үүнийг хоёр тал сайтар ойлгож байна.
Хойд Африк болон Ойрхи Дорнодод явуулсан өнгөт хувьсгалын аргыг Украинд дахин хэрэглэснийг бид харж байгаа. Бүс нутгийн аюулг үй байдалд заналхийлж буй нэг зүйл бол Афганистанаас хар тамхи, мансууруулах бодис түгээх явдал юм. Тэнд тогтвортой байдлыг бэхжүүлэхээр ажиллаж буй олон улсын цэргийн хүчин хар тамхи, мансууруулах бодисын үйлдвэрлэлийг устгахаас зайлсхийснээр 2014 оноос хойш энэ төрлийн хууль бус үйлдэл, хар тамхины наймаа идэвхжих хандлагатай болсон. Манай хоёр орны ҮАБЗ-ийн хамтын ажиллагаа нэг хэсэг завсарлаад байсан үеийг бид амжилттай даван туулсандаа сэтгэл хангалуун байна. Монгол Улс бол манай улсын хөрш төдийгүй стратегийн гол түнш билээ” гэсэн юм. Энэ уулзалтын үеэр Н.П.Патрушев Афганд явуулж буй олон улсын цэргийн үйл ажиллагаа, тэр дундаа бүс нутгийн бус цэргийн хүчнүүд Төв Азийн нутагт байрлаж, хүрээгээ тэлж буйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушевыг дагалдаж тус улсын Батлан хамгаалах, Холбооны аюулгүй байдлын болон хилийн алба, Тагнуулын байгууллага, Төмөр замын гээд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн бөгөөд тэд тус тусын салбарынхантайгаа өнөөдөр уулзах юм. Тухайлбал, терроризм, хар тамхи мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр Хууль зүйн сайдтай, төмөр замын асуудлаар Зам, тээврийн сайдтай гэх зэргээр уулзалт товлосон байна. Гадаад харилцааны болон Батлан хамгаалахын сайдтай ч мөн уулзах юм байна.
“ЯЗГУУРТНУУД”-ЫН ТЭРГҮҮН
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар 2008 оноос хойш ажиллаж буй Николай Платонович Патрушев 1951 онд Санкт-Петербург буюу хуучнаар Ленинград хотод мэндэлжээ. Хотынхоо Хөлөг онгоц үйлдвэрлэлийн дээд сургуулийг 1974 онд инженерээр төгссөн (хожим 1992 онд УАХХ-ны дээд сургууль дүүргэсэн) тэрбээр 1975 оноос КГБ буюу ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороонд ажиллаж байгаад, 1992-1994 онд Бүгд найрамдах Карель улсын Аюулг үй байдлын сайдын алба хашсан байна. 1991 онд УАХХ-ны орыг залгах ФСК (Холбооны сөрөг тагнуулын алба) байгуулагдахад Н.Патрушев тус албаны Дотоодын аюулгүй байдлын хэлтсийн захирлаар 1994 онд томилогдож, уг байгууллагыг Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) нэртэй болж өргөжихөд буюу дараа жил нь тушаал дэвшин, Зохион байгуулалт, боловсон хүчний хэлтсийг тэргүүлэх болсон байна. Харин 1998 оны тавдугаар сараас наймдугаар сард Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хяналтын ерөнхий хэлтсийн дарга, наймдугаар сараас аравдугаар сард Ерөнхийлөгчийн Ажлын албаны орлогч дарга, аравдугаар сараас Холбооны аюулгүй байдлын албаны орлогч дарга бөгөөд Эдийн засгийн аюулгүй байдлын албаны даргаар ажиллажээ.
Н.Патрушев 1999 оны дөрөвдүгээр сард Холбооны аюулгүй байдлын албаны нэгд үгээр орлогч дарга болж, мөн оны наймдугаар сарын 9-нд Ерөнхийлөгч Борис Ельциний зарлигаар В.Путиний оронд байгууллагынхаа тэргүүнээр томилогдсон байна. Тэрбээр энэ албанд одоогийн ажилдаа томилогдох хүртлээ буюу 2008 оны тавдугаар сар хүртэл ажиллажээ. Түүнийг Холбооны аюулгүй байдлын албыг тэргүүлэх хугацаанд алан хядагч, салан тусгаарлагчдыг дарах олон тусгай ажиллагаа амжилттай явагдаж, ялангуяа Чеченийн салан тусгаарлагчдыг тэргүүлж байсан зэвсэгт босогчид баригдан, 500 орчим босогч зэвсгээ хаян, өршөөлд хамрагдсан гэдэг. Н.Патрушев 2000 оны арванхоёрдугаар сард өгс өн ярилцлагадаа үе үеийн цагдаа, тагнуулч, аюулг үйн албаны ажилтнуудыг “Мөнгөний төл өө ажилласан удаагүй” хэмээгээд үеийнхээ алба хаагчдыг “Орос орны шинэ язгууртнууд” хэмээсэн байна. “Язгууртнууд”- ын тэрг үүн тэрбээр Армийн генерал бөгөөд ОХУ-ын баатар цолтой юм. Чеченийн дайнд байгуулсан гавьяаг нь үнэлэн түүнийг ийм хүндтэй цолоор шагнажээ.
Барууны хэвлэл мэдээллийнхэн Н.Патрушевыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний итгэлийг олсон, түүний хамгийн ойр дотнын гурван хүний нэг гэдэг. (Нөгөө хоёр нь Ерөнхийлөгч асан Д.Медведев, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч асан С.Иванов гэнэ). Н.Патрушевыг WikiLeaks цахим хуудсынхан өнгөрсөн оны тавдугаар сард Кремлийн тэрг үүний залгамжлагч болох хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэж байв. Н.Патрушев эхнэр, хоёр хүүтэй. Ууган хүү Дмитрий нь ВТБ банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол ФСБ-ийн академийг дүүргэсэн отгон хүү Андрей нь “Роснефть” компанийн ерөнхийлөгч Игорь Сечиний зөвлөхөөр ажилладаг аж.
Г.ЦОЛМОН, Г.ДУЛАМ