1990-ээд онд Монголд ардчилсан хувьсгал ялж, оросууд нутаг буцсан. Тэр үед Америк хэмээх гуравдагч хөршдөө бид үүдээ дэлгэж байлаа. АНУ-аас бид олон зүйлд суралцсан, хамтран ажиллаж байгаа. Тив алгассан хөрш хаяа дэрлэсэн хоёр нь геополитикийн ч, эдийн засаг, улс төрийн хувьд ч илүү чухал. Энэ асуудал Монгол Улсын гадаад бодлогын гадна байгаагүй. Гэвч сүүлийн хэдэн жилд Монгол, Оросын харилцаа үндсэндээ “зогссон” байв. Энэ “унтаа” харилцааг сэргээх олон чухал уулзалт болж, шийдэл гарсан учраас тавдугаар сарыг түүхэн хэмээн онцолж болохоор.
Дэлхийн эдийн засгийн хямрал, Украин, Оросын зөрчил хойд хөршийг Ази тив рүү анхаарлаа хандуулахад хүргэсэн тэр мөчид Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Санкт-Петербургт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хоёр хоногийн зайтай уулзаж, харилцаагаа сэргээх чухал яриа хэлэлцээ хийсэн юм. ОХУ-ыг Азитай холбох гүүр нь Монгол Улс. Тиймээс хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааг идэвхжүүлж, төмөр замын ачаа эргэлтийг нэмэгдүүлэхээс гадна байгалийн хийн хоолойг эх нутгаараа дамжуулахыг бүх талаар дэмжихээ тэд илэрхийлсэн. Төрийн тэргүүний тавьсан саналыг Ерөнхий сайд баталгаажуулснаар ОХУ-аас БНХАУ руу зүүн чиглэлд тавих хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудлыг судлах үүргийг В.Путин холбогдох албан тушаалтнууддаа өгсөн.
ОХУ, БНХАУ-ыг, цаашлаад Европ, Азийг холбох авто болон төмөр зам, хийн хоолой, эрчим хүчний шугам, нефтийн транзит тээврийн коридор бий болгох “Талын зам” төслийг хэрэгж үүлэх суурийг Санкт-Петербургт болсон уулзалтаар тавьсан билээ. Хийг БНХАУ руу дамжуулахын тулд 4000 км хоолой тавих байсан бол Монголын нутгаар татахад 2500 км-ийг нь хэмнэнэ. ОХУ-д маш ашигтай санал. Нөгөө талаар манай улс татвар, хураамжаа авч, транзит тээврээс жилд 10 тэрбум доллар босгох боломж бүрдэх аж. Тиймээс энэ бол хоёр орны эдийн засгийн харилцаа шинэ шатанд гарах боломж. Эдийн засгаа идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд гадаад талд хийсэн нэг том алхам байв. Мөн Халх голын дайнд ялсны 75 жилийн ой ирэх наймдугаар сард тохионо.
Уг арга хэмжээнд ач холбогдол өгч тэмдэглэх учиртай тул Монголд хүрэлцэн ирээч гэсэн урилгыг ОХУ-ын Ерөнхийлөгч хүлээн авсан. Түүнийг намар ирэхэд хийн хоолойг дамжуулах гэрээ хэлэлцээгээ эцэслэх төлөвлөгөө манай талд бий. В.Путиний айлчлалын өмнөтгөл болгож, түүнийг залгамжлагч гэдэг ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев өчигдөр манай улсад айлчиллаа. Хойд хөрштэйгээ хуучны, уламжлалт харилцаагаа сэргээхэд Монгол Улс хэзээд таатай байх болно. Сайн хөршийн, харилцан ашигтай хамтын ажиллагаа энэ сард улам эрчимжих биз ээ.
С.ТУУЛ