Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны улсын төсвөөс багцад нь хуваарилсан 50 тэрбум төгрөгийн зарцуулалт, ажлын гүйцэтгэлийн талаар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдэд мэдээлэв. Тэрбээр 47.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр нийт долоон төрлийн ажил гүйцэтгэснээ мэдээллийнхээ эхэнд дурдсан. Замын цагдаа нарыг police reader, хэвлэгчтэй болгоход 1.8, гэр хорооллыг ухаалаг шуудангийн хайрцагтай болгоход 1.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн Ховд, Баян-Өлгий, Увс аймагт битүү зах барихад 9.7 тэрбум төгрөг зарлагадсан байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спорт цогцолбор, дугуйн зам барихад 5.3, Залуучуудын соёлын төвийг сэргээн засварлахад 1.7 тэрбум төгрөгийг дээрх багцаас гаргажээ. Түүнчлэн Эх, ураг, нярайн тусламж үйлчилгээний төв байгуулахад 2.2, 11 аймагт эрүүл мэндийн Оношилгооны төв бий болгоход 23.7 тэрбум төгрөг зориулсан гэж тайлагнав. Өөрөөр хэлбэл, нийт 50.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 34 төсөл, арга хэмжээнээс 32 төсөлд 45.9 тэрбум төгрөгийн гэрээт ажил хүлээлгэн өгчээ.
Харин иргэдэд шаардлагатай лавлагаа, мэдээлэл өгөх 120 автомат машиныг Улаанбаатар хот болон 21 аймагт байрлуулах ажил бүрэн хэрэгжээгүйг Ерөнхий сайд хэлсэн. “Тендерийг хоёр дахь удаагаа зарлаж “Ай Ти Зон” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн ч гомдол гарч Сангийн яам шалгаж байх явцад тендерийн хүчинтэй хугацаа дууссан” хэмээн тэрбээр тайлбарласан. Дээрх ажлуудыг Худалдан авах ажиллагааны газар болон дээрх төслүүдэд холбогдох Замын цагдаагийн газар, Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж, Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх Д.Батмөнх хариуцан ажилласан гэж Ерөнхий сайд онцолсон юм. Гэвч Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнхийг битүү зах, худалдааны төвийн тендерт оролцогсдыг сонгон шалгаруулахдаа Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж АТГ-аас мэдээлж байсан. Энэ үеэр цөөнхийн бүлэг үүнийг сануулахаа мартсангүй. Д.Батмөнх зөвлөх ч нэр бүхий компанийн удирдлагуудтай танил гэдгээ хэлж, үнэлгээний хороонд багтаж, шалгаруулалтад санал өгдгөө хэлсэн юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Чи ер нь Тендерийн хороонд орж болохгүй нөхөр байна шүү. Монголын бүх компанийн захирал, удирдлагыг таних юм байна” гээд түүнийг дахин Тендерийн хороонд орохгүй байхыг анхааруулсан. Хариуд нь тэрбээр “Ойлголоо, дарга аа” хэмээн хариуллаа.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь цөөнхийн бүлгийн мэдэгдлийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уншиж сонсгосны дараа гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Ерөнхий сайдын мэдээлэлд 50 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 34 төсөл, арга хэмжээнээс 32 төсөл, арга хэмжээ буюу нийт 44.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, ажлыг хүлээлгэн өгсөн гэжээ. Үүнээс 2013 оны төсвийн жилд Сангийн яамнаас ирүүлсэн мэдээллээр 26.3 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр санхүүжүүлсэн байх бөгөөд үлдсэн зөрүү болох 18 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2014 оны төсвийн жилд хэрхэн санхүүжүүлсэн нь тайлбар шаардаж байна. Өөрөөр хэлбэл, үлдэгдэл 18 тэрбумын санхүүжилтийг вексель буюу нэг төрлийн өр болгосон байх бөгөөд энэ нь анхнаасаа 50 тэрбумын хөрөнгө оруулалтыг 2013 оны эхний улиралд багтаан, Байнгын хороогоор батлуулах үүргээ Засгийн газар биелүүлээгүй, зөрчсөн. Тиймээс 2014 оны төсөвт тусгагдаагүй, үлдэгдэл 18 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар үндэсний аудитын байгууллагаар тусгайлан дүгнэлт гаргуулж, тендерийн хууль тогтоомж зөрчсөн байх үндэслэлтэй асуудлыг холбогдох хууль, хяналтынхнаар шалгуулж, буруутай албан тушаалтанд хариуцлага ногдуулахыг УИХ дахь МАН-ын бүлэг шаардаж байна” хэмээсэн юм.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг хийсэн ажлаа олон нийтэд тайлбарлахыг яам, агентлагийн дарга нарт анхааруулаад, “50 тэрбумаас хэдэн тэрбум төгрөг цохьсон хүмүүс шиг харагдаад байна. Авсан төхөөрөмж, юмнуудаа хэдэн төгрөгөөр авсныгаа тоо ширхэгтэй нь нэг бүрчлэн мэдээлээрэй. Үр ашгаа өгсөн олон ажил бий, иргэд ч баяртай байгаа” гэж байлаа.
Б.НОМИН