Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг нэр дэвш үүлснийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Шударга ёс” эвслийн бүлэг тодорхой шалтгааны улмаас хуралдаж чадаагүй. Иймд бүлгийн өнөөдрийн (өчигдөр) хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх тул тодорхой хугацаагаар түр хойшлуулъя” гэсэн горимын санал гаргасан боловч гишүүд дэмжээгүй юм. Засгийн газраас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлсэн талаарх танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцуулсан. Ингээд 22 гишүүнээс 19 нь зөвшөөрч, Ш.Түвдэндоржийг томилохыг дэмжлээ. Түүнийг томилох эсэхийг маргааш нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.
.jpg)
Энэ үеэр УИХ-ын гишүүдийн тавьсан асуултад нэр дэвшигч дараах хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: -Засгийн газрын гишүүнийг томилох талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн үр дүнгийн талаар тайлбар хийхгүй юү. Бид сонин, хэвлэлд гарснаас хэтрэхгүй мэдээлэлтэй байна. Хувь хүнийх нь хувьд нэр дэвшигчийг дэмжиж байна. Та сайд болбол “давхар дээл”-ээ тайлж, УИХ-ын гишүүн байхаас татгалзах уу?
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг: -Ерөнхий сайд Ерөнхийлөгчид албан тоот явуулж саналаа хүргүүлсэн. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн хариу албан бичигт “Засгийн газрын гишүүнд УИХ-ын гишүүний өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй” гэсэн санал илэрхийлсэн. Процесийн хувьд ийм. Харин Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уг асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д Ерөнхий сайд өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн заалт бий. Хүмүүс “зөвшилцөнө” гэдгийг “зөвшөөрнө” гэдэг утгатай шууд дүйцүүлж ойлгох гээд байдаг. Харин энэ тохиолдолд хууль ч тэр, хуулийг тайлбарласан тогтоолд ч тэр “зөвшилцөнө” гэдэг нь бичгээр харилцан санал солилцоно гэсэн үг. Ерөнхийлөгчийн саналыг АН-ын бүлэг, Засгийн газрын гишүүд дэмжиж байгаа. Тиймээс “давхар дээл”-ийг тайлах, тайлахгүй гэх тухайд хоёрдсон ойлголт байхгүй. Хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн хүрээнд асуудлыг оруулж ирж байгаа.
Ш.Түвдэндорж: -Үндсэн хуулийн “Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болно” гэсэн заалт хүчин төгөлдөр байгаа. Гэхдээ намын зүгээс давхар хашиж болохгүй гэвэл шийдвэрийг нь дагахад бэлэн байна.
УИХ-ын гишүүн А.Тлейхан: -Хувь хүний үүднээс дэмжиж байна. Зарчмын хувьд, хуулийн хүрээнд Ерөнхий сайд танхимын гишүүнээ сонгох бүрэн эрхтэй. Гэхдээ Төрийн тэргүүний саналыг яагаад хүлээж авахгүй байгаа юм бэ. Яагаад Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр зөрчилтэй байгаад байна вэ. Нийгэм тэр аяараа “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүй” гэж хүлээн зөвшөөрч байгаа. Засаглалын ийм гажуудлыг засах үйл явцыг энэхүү томилгооноос эхлүүлж болох байсан. Яагаад үүнийг сөрж, УИХ-ын гишүүнийг сайдад нэр дэвшүүлж байгаа юм бэ?
Ч.Сайханбилэг: -Өнөөдөр Засгийн газрын нэг гишүүнийг нөхөн томилох гэж байгаа тохиолдолд арай өөрөөр хандах ёстой гэж бодож байна. Өнөөдөр Засгийн газрын танхимд хоёр, эсвэл гурван гишүүн нь “дан дээл”-тэй байхад зарчмын том асуудал гарахгүй. Ерөнхийдөө зарчмын том асуудлыг шинэ Засгийн газар байгуулах үед ярих нь зүйтэй гэж бид зуун хувь санал нэгдэж байгаа. Энэ салбарын бодлогыг хэрэгжүүлээд аваад явах шилдэг боловсон хүчин гэдэг утгаар нь Ш.Түвдэндорж гишүүнийг АН нэр дэвшүүлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: -Хөдөө аж ахуйн салбар амжилттай хөгжиж байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд “Монгол мал” хөтөлбөр, “Атрын III аян” зэрэг бодлогын томоохон асуудал орхигдож байна. Энэ хөтөлбөрт хэрхэн анхаарч, ажиллах вэ. Ер нь та үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх чиглэлүүдэд ямар бодлого баримтлах вэ?
Ш.Түвдэндорж: -“Монгол мал” хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүдтэй санал хуваалцаж, цаашид ямар арга хэмжээ авах талаараа ярилцсан. УИХ-аар хэлэлцэж байгаа холбогдох бодлогыг үргэлжлүүлэхийн төлөө ажиллана. Газар тариалангийн салбарт улаан буудайн тариалалтыг дэмжих бодлого орхигдсон тал бий. Үүнээс болж гадаадаас импортлоход хүрсэн учраас улаан буудай тариалагчдаа дэмжих төрийн бодлогыг ч мөн үргэлжлүүлнэ гэж бодож байна. Үйлдвэрлэлийн салбар бол АН-ын мөрийн хөтөлбөрийн гол чиглэл. Одоо хэрэгжиж байгаа, цаашид хэрэгжүүлэх томоохон үйлдвэрүүдэд анхаарал хандуулж ажиллана. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг МАН-аас гаргав. МАН болон “Шударга ёс” эвслийн бүлэг энэ асуудлаар байр сууриа нэгтгээгүй учраас ийнхүү хойшлуулах хүсэлт тавьсан юм. Яг энэ асуудлаар МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт бүлэг дээрээ ярилцаж шийдвэр гаргахаар хойшлуулсан. Гэтэл дахин хойшлуулсанд шүүмжлэлтэй хандаж буйгаа Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар илэрхийлсэн.
Н.БАТБАЯР САЙДЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ХОЙШЛУУЛАВ
Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс хойшлуулах горимын санал гаргасан юм. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах шаардлага бүдүүлэг, хүний нэр төрд халдсан, асуудлыг хэт гуйвуулсан өнгө аястай байна. Жишээ нь, улсын өр, төсвийн алдагдал зэрэгт алдаатай тоо дурджээ. Тиймээс бид шаардлагыг үндэслэлтэй эсэхийг тодруулахаар холбогдох газруудад албан бичиг явуулсан. Хариу нь ирээг үй байна. Уг асуудлыг нягталж, шалгах шаардлагатай байна” гэсэн тайлбар хийсэн. Үүнийг нь гишүүдийн олонх дэмжсэнээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэхийг хойшлууллаа.
Дараа нь Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийг анхны хэлэлц үүлэгт бэлтгэх Ажлын хэсэг Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзжээ. Ажлын хэсгийн саналыг ч гишүүдийн олонх дэмжсэн юм.
Б.НОМИН