.jpg)
Нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. ДНБ-ий өсөлтийг хоёр оронтой, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах бодлогыг 2015 онд хэрэгжүүлнэ гэж буй. Мөн ажилгүйдлийн түвшинг 6.6 хувь хүртэл бууруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн төсвийн тэнцвэртэй байдлыг хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжиж, зарлагыг ДНБ-ий 31.4, тэнцвэржүүлсэн тэнцлийг /-2/ хувиас багагүй байлгах гэнэ.Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: -Эдийн засгийн салбарыг эс тооцвол бусдынх нь төлөвлөгөөт ажил үргэлжлэх байх. Төсөлд зорилт болгон тусгасан тоонууд ямар учиртайг тайлбарлахгүй юу.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: -2015 онд ам.долларыг 1600 орчим төгрөг байхаар тооцоход нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.доллар байна. Эдийн засгийн төлвийн талаар тодорхой тооцоо хийж, зорилт тавьсан.
УИХ-ын гишүүн М.Энхболд: -2015 он сонгуулийн мөчлөгийн хувьд чухал үе болохоор эрх барьж байгаа нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд чиглэж ажилладаг. Эрх баригчдын олон том амлалт бий. Тухайлбал, Сайншандын аж үйлдвэрийн парк, томоохон эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж байгуулахаар амласан. Гэхдээ эдгээрийг яагаад тусгаагүй юм бэ.
Н.Батбаяр: -Жил бүр хэлэлцэн баталдаг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн баримт бичиг бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг тухайн онд хэрхэн хэрэгжүүлэхийг тусгадаг. 2016 онд ард түмэн дүн тавина. Томоохон ажил олон бий. Тэдгээр ажлыг дэс дараатай хийгээд явна. Инфляцийн түвшинг бууруулж, нэг оронтой тоонд барьж ажиллахаар тусгасан. Ингэхийн тулд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудыг нэмэгдүүлнэ. Ялангуяа хоёр хөрштэй хамтын ажиллагаагаа сайжруулах алхмыг эхлүүлээд байгаа.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Эдийн засаг яаж өссөн болоод хүн амын хэрэглээ нэмэгдээд байгаа юм бэ. Үндэсний аж ахуй нэгжүүд хаалгаа бариад байхад эдийн засаг хурдтай хөгжинө гэж яриад байх юм. Эдийн засгаа яаж зөв, бодитой, тооцоо судалгаатай авч явах юм бэ.
Н.Батбаяр: -“24 мянган аж ахуйн нэгж хаалгаа барилаа” гэж байна. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Тиймээс худлаа мэдээлэл тараах хэрэггүй. Улсын бүртгэлийн байгууллагад “хаалгаа барьсан” нэг ч аж ахуй нэгж бүртгүүлээгүй. Үг, тоогоор тоглох хэрэггүй. Валютын ханш ийм байдалд хүрсэнд та бүхний оруулсан хувь нэмэр их. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт буурсан, дэлхийн зах зээл дээр үнэ ханш буурсан гэхчилэн шалтаг, шалтгаан бий.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Үндсэн чиглэлийн төслөөс харахад 2015 онд Монголын эдийн засгийн өсөлт буурах нь. Өнгөрсөн онд ам.долларыг 1384 төгрөгт барина гэж байсан ч одоо 1800-гаас хол давсан. Ирэх онд ам.долларыг хэдэн төгрөгт барихыг тодорхой хэлэхгүй юү. Мөн төлбөрийн тэнцлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах вэ. Цалин, тэтгэврийг хэдэн хувиар нэмэх шаардлагатай гэж тусгасан бэ. Төмөр замын бодлого юу болсон бэ. Өргөн, нарийн царигаар явна гэсэн боловч Засгийн газар төслөө эргүүлэн татсан. Ер нь төмөр зам баригдах уу. Үндсэн чиглэлд тусгасан уу.
Н.Батбаяр: -Өнөөдрийн нөхцөл байдал гэнэт үүсчихсэн юм биш. Монгол Улсад томоохон төсөл, арга хэмжээг эхлүүлэх бодлого барьж байна. Тиймээс хоёр хөрштэй хамтран гурван улсыг холбосон автозам, төмөр зам, хийн хоолой, эрчим хүчний шугам барина. 2015 онд ам.долларын ханшийг 1600 орчим төгрөг байхаар тооцсон.
Зам, тээврийн сайд А.Гансүх: -Нийт 1800 км төмөр зам барихаар төлөвлөсөн. Үндсэн чиглэлд өөр санал өгсөн байсан. Эхний ээлжийн төмөр зам 2015 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн ч санхүүжилтээс болоод хойшилхоор байгаа. Ер нь хөрөнгө, санхүүтэй холбоотой хүндрэл үүссэн. Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж эхэлсэн. Царигийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярилцаж, тодорхой болгосон. ҮАБЗ-өөс өгсөн нарийн царигтай байх чиглэл өгсөн. Энэ дагуу БНХАУ-тай хэлэлцээр хийж, үр дүнгээс нь шалтгаалан УИХ-д өргөн барина.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: -Валютын ханшийг ямар үндэслэлээр тооцсон юм бэ. Долоо сарын өмнө ам.долларыг 1384 төгрөгт барихаар оруулж ирснийг нь үндэслэлтэй эсэхийг тодруулахад, Ардын намынхныг муу юм ярилаа гээд байсан шүү дээ.
Н.Батбаяр: -Энэ бол үндэслэлтэй, бодит тоо. Бид зорилт тавиад ажилласны үр дүнд гарна гэж тооцсон төсөөлөл юм. Энэ өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгохоор дээрх төсөлд тусгасан. Мөн энэ хуулийг дагалдаж, НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг өргөн барьсан бөгөөд тус татварын босгыг 50 сая төгрөг болгохоор тусгажээ. Гэвч эдгээрийг МАН-ын бүлэг дэмжихгүй байсан тул хууль санаачлагч нь төслөө эргүүлэн татаж, дахин оруулж ирэхээр болсон юм. Энэ хуулийг дэмжсэн бол жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих том алхам болох байсан гэдгийг Ерөнхий сайд онцолж байлаа.
Б.НОМИН