
Тамхины хяналтын тухай хуулийг амьдралтай нийцүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын өргөн барьсан төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Уг хууль гарснаар олон эерэг өөрчлөлт гарсан ч тамхи татдаг иргэдийн эрх тодорхой хэмжээнд зөрчигдсөн юм. Тиймээс эрхэм гишүүн тамхи татахаар тусгайлан бэлтгэсэн талбайг гадаа, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглон тусгаарласан тасалгааг дотор байгуулж, тэмдэг тавих заалт төсөлдөө оруулжээ. Мөн утаат тамхи татахыг хориглосон газарт эмнэлэг, сувилал гэж нэмэх, үйлчилгээний газарт тамхи татах дотоод цэг байгуулахаар заасан аж. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд Л.Эрдэнэчимэг ба бусад гэсэн хэсэгт хуваагдав. Тэрбээр Тамхины хяналтын тухай хуулийг санаачлагчдын нэгийн хувиар байр сууриа хамгаалж, хэсэг бүлэг хүний эрх ашигт нийцүүлж хуулийг өөрчлөх шаардлагагүй гэж байв. Мөн гишүүдийг энэ төслийг дэмжихгүй байлгах талаас нь уйгагүй ухуулсан.
Гишүүн Д.Эрдэнэбат өмнө нь хэвлэлээр Төрийн ордон дахь өрөөндөө тамхи татдагаа нуулгүй ярьсан аж. Үүнээс нь үүдээд Л.Эрдэнэчимэг гишүүн Бүлгийн даргаа хууль зөрчлөө, хариуцлага тооцож өгөөч гэсэн хүсэлтийг МХЕГ-т гаргасан юм. Тэгвэл тэд “УИХ-ын тухай хуулийн дагуу гишүүн гэмт хэрэг хийснээс бусад тохиолдолд чуулганы танхимд хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэггүй учраас хариуцлага тооцох боломжгүй” гэсэн хариу өгсөн аж. Тэгэхээр нь УИХын Ёс зүйн дэд хороонд ханджээ. Тамхи татах эсэх нь тухайн хүний хэрэглээний асуудал болохоос ёс зүйд хамаагүй гэсэн утгатай тайлбарыг Д.Эрдэнэбат гишүүн Дэд хороонд өгсөн юм байна. Өмнө нь гишүүн О.Баасанхүү тамхи татах цэгтэй болох, сургууль, цэцэрлэгээс 500 метрийн дотор зайд үүнийг худалдахгүй гэсэн зайг богиносгох хоёр заалттай төсөл өргөн барьсан ч УИХ “унагасан” юм. Тэрбээр хуулийн төслийг, санааг нь “дээрэмдсэн” хэмээн гоморхов. Мөн тамхи татах цэгийг импортлогч компаниудаар хийлгүүлэх ёстой, төрийн байгууллагын төсвөөс санхүүжүүлэх юм бол төсөвт ачаалал үүснэ гэсэн байр суруьтай байлаа.
Төсөл санаачлагч Д.Эрдэнэбат гишүүн “Би бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл өргөн барьсан. Ямар ч санаа, хууль дээрэмдээгүй. Тамхи татах цэг гэхээр том байшин босгох гэж байгаа мэт ойлгох юм. 4-5 хүн багтах шилэн хорго, хэдэн үнсний сав хийхэд тийм их төсөв хэрэггүй. Байгууллагууд тохижилтын зардлаасаа үүнийг шийдчихэж болно. Тамхины эсрэг ямар ч хатуу хуультай оронд татах цэгийг нь гаргаж өгсөн байдаг. Манайд ийм цэг байхгүйгээс үйлчилгээний газрын гадаа, гудамж талбай тамхины иш, хогоор дүүрсэн. Хүний хэрэглээг хуулиар хязгаарлаж болохгүй шүү дээ” гэлээ. Д.Сумъяабазар гишүүн “Хууль амьдралд нийцсэн байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Төрийн ордонд ч, яам, Тамгын газарт ч өрөөндөө тамхи татаж байгаа хүн олон бий. Хууль баталчихаад өөрсдөө хэрэгжүүлэхгүй байж болохгүй. Би тамхи татдаггүй. Гэхдээ олон улсын жишгийн дагуу тамхи татах тусгай цэг байгуулахыг дэмжинэ.
Хуулиа хэрэгжүүлэх механизмд анхаарах хэрэгтэй, багаасаа тамхи татсан хүмүүст хууль харуулаад “Одоо боль” гэх боломжгүй. Асуудалд уян хатан хандах хэрэгтэй” гэлээ. Санал хураах болоход нэг гишүүн дутав. А.Бакей гишүүнийг дуудаж, нөгөөх нь орж ирмэгц Л.Эрдэнэчимэг гишүүний “довтолгоо” эхэлсэн. “Та энэ төслийг дэмжихгүй биз дээ” гэж байгаад хажууд нь очин ухуулгаа үргэлжлүүлсэн юм. Шийдвэрлэх санал өгөх байсан А.Бакей гишүүн түүний ятгалгад автсан уу, дэмжиж гар өргөсөнгүй. Улмаар 10 гишүүнээс тав нь дэмжсэн тул төсөл “унасан”.
С.ТУУЛ