Барилгын компаниас болж хохирсон иргэдийн тоо тоймгүй олон болсон гэхэд буруудахгүй биз. Тэд энд тэнд, өөр өөр компани, орон сууцны асуудал ярьж, гомдол санал гаргаж явснаас биш, нийлж тэмцсэн нь үгүй. Сайндаа л нэг хорооллын, хотхоны, байрны хүмүүс хамтардаг байв. Тэгвэл барилгын компанид мэхлүүлэн, эд хөрөнгөөрөө хохирсон, хэдэн он, сар дамнан, хүлээсэн ч хохирлоо барагдуулж чадаагүй иргэд удахгүй нэгдэх нь.
Ийм холбоо санаачлан, байгуулахаар зэхэж буй “Эйр лимузин” компанийн ТУЗ-ийн дарга Ч.Пүрэвзана өчигдөр мэдээлэл хийлээ. Одоогоор 11 хүн тус холбоонд нь албан ёсоор элсэх хүсэлт гаргажээ. Мөн “Эко констракшн”, “Алтай констракшн”, “Хурд” зэрэг компанийн цөөнгүй оршин суугч, хохирогч нэгдэхээ илэрхийлсэн байна. Сүүлийн үед нэлээд яригдаж буй орон сууцны талбайн хэмжээ дутуугаас эхлээд барилгын чанар муу, зарим нь байраа алдсан зэрэг янз янзын шалтгаан тэдэнд бий. Тэдний эрх ашгийг хамгаалахаар өмгөөлөгчдийн нэг баг ажиллуулахаар тохирчээ.
Ч.Пүрэвзана “Хохирсон иргэд эхлээд барилгын компанид ханддаг. Тэд мэдээж шийдэхгүй. Дараагийн ээлжинд ШӨХТГ-т ханддаг ч энэ байгууллага компанид нь албан бичиг өгөхөөс өөр ажил хийдэггүй. Компаниас түүнд нь хариу явуулсан болоод хохирол барагдуулах, эсэх нь тодорхойгүй үлддэг. Тиймээс нэгдсэн холбоо байгуулж, иргэдийн хохирлыг барагдуулах арга хэмжээ авахаар боллоо. Би ч гэсэн “Эко констракшн” компанийн захирал Нямдаваагаас болж хохирсон хүн. Бартераар Нямдаваа захирлаас “Маршал таун”-д таван өрөө байр авсан. Би өгөх юмаа 100 хувь өгсөн ч тэр надаас авсан зүйлээ алдчихсан юм байна лээ. Тэгээд шүүхэд хандсан. Би арга буюу байраа буцааж өгсөн. Энэ мэтээр хохирсон хүмүүс ганцаараа асуудлаа шийдүүлж чадахгүй тул нэгдэх ёстой” гэлээ.
Ч.МӨНХЗУЛ