Бороо хур, айлчлал давхацсан өдрүүд эхэлжээ. Айлчлалын салхийг ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга, хатагтай Валентина Ивановна Матвиенко хагалав. УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар тэрбээр уржигдар орой манай улсад хүрэлцэн ирсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Санкт-Петербургт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзсаны дараа болж буйгаараа энэхүү айлчлал онцлог юм. Албан ёсны арга хэмжээ өчигдөр өрнөлөө.
“Blue sky” зочид буудалд буусан зочныг УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр өглөө Төрийн ордны өмнө угтан мэндчилсэн юм. Тэд хамтдаа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа хэлэлцээ хийсэн. Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд, хатагтай В.И.Матвиенко нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Энэ үеэр хоёр орны улс төр, парламент хоорондын, худалдаа эдийн засгийн, соёл, шинжлэх ухаан боловсролын, дамжин өнгөрөх тээврийн тухай, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан байна.
Мөн ирэх наймдугаар сард болох Халх голын ялалтын 75 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэх талаар хоёр улс хамтран ажиллахаар болжээ. ОХУын Холбооны Хурлын Холбооны зөвлөлд УИХ-тай харилцах бүлэг байгуулагдсан нь хоёр орны парламентын харилцааг шинэ түвшинд гаргахыг З.Энхболд дарга онцолсон. Хатагтай В.И.Матвиенко хоёр орны харилцаа сэргэн хөгжиж буйг хэлээд “Энэ удаагийн айлчлал нь парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн” гэсэн юм. Айлчлалын хүрээнд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан юм. Ярилцсан нэг гол асуудал нь Монгол Улсын иргэдийг ОХУ-д визгүй зорчуулах тухай байжээ. Мөн ирэх наймдугаар сард болох Халхын голын ялалтын 75, ирэх 2015 оны тавдугаар сард болох Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх талаар ярилцсан байна.
Халх голын ялалтын ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг урьсан билээ. Бас Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн хөрш гурван орны дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт анх удаа хийж болох талаар ярилцаж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдав. Хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчийн мэндчилгээг манай Төрийн тэргүүнд уламжилжээ. Үүнд дараалсан уулзалт, айлчлал нь хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон байна лээ. Зочид УИХ-ын чуулганы танхимаар зочилж, Гандантэгчэнлин хийдтэй танилцсаны дараа айлчлалаа дуусгаж, нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.
С.ТУУЛ