Монгол, Турк улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Туркийн соёлын өдрүүдийг зохион байгуулж буй. Энэ арга хэмжээний хүрээнд тус улсын хоолны соёлыг сурталчилж байгаа. Туркийн соёлын өдрүүдийн үеэр улсдаа алдартай шеф тогооч Ахмед Кара Монголд ирж, гарын хоолоо амсуулж байна. Ер нь турк хоолны соёл бол Османы үеэс уламжлалтай.
Энэхүү ард түмний хоолонд Балкан, Ойрхи Дорнодын уламжлалт хоолны соёл тодорхой хэмжээгээр шингэсэн байдаг онцлогтой. Турк дөнэр, кебаб зэрэг махан хоолноос гадна лахмажун хэмээх амттанаараа, бас мөхөөлдсөөрөө алдартай. “Амт” энэ удаа турк үндэсний хоол бахлаваг танилцуулж байна.
Хийх арга:
Гурилыг шигшиж, сэвсийлгээрэй. Давс, өндгийг усанд хийж сайтар хутгаад гурилаа зуураад тасалгааны хэмд 30 минут амраана. Үүний дараа сайтар нухаад 12 хэсэгт хуваагаад тус бүрийг нь маш нимгэн элдэнэ. Тэгээд дээр нь цөцгийн тос түрхээд, жижиглэн үрсэн самар цацаад орооно. Яг л монголчууд давхар дээлт гамбир хайрдаг аргаар бэлтгэх юм байна. Цөцгийн тосыг хайлуулалгүй, тасалгааны хэмд зөөлрүүлэх учиртай гэсэн. Ингээд шанзтай ороосон гурилийг хөргөгчид 30-40 минут амраагаад шарах шүүгээнд 20 орчим минут болгоно. Шарах шүүгээний хэм 190-200 байна.
Туркчүүд баклаваг дангаар нь чихэр, зөгийн балын уусмалтай идэхээс гадна гурилын үе хооронд махан шанзтай бэлтгэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, амттан ч болно, хоёрдугаар хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүн ч болох аж. Энэхүү амттан их тослог биднийхээр бол тэргүүн шиг.

Орц:
Гурил-1 кг
Өндөг-4 ш
Давс-цайны халбагаар тал
Цөцгийн тос-500 гр
Самар-100 гр
Ус-200 гр