Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ талаар түүнээс зарим зүйл тодруулав.
-Уг хуулийг 1999 онд баталснаас хойш өөрчлөлт оруулаагүй байсан. Энэ хугацаанд нийгмийн харилцаа их өөрчлөгдсөн. Олон соёлтой гэр бүл, тэнд өсөж буй хүүхдийн иргэний харьяалал, хамтран амьдрагч зэрэг шинэ харилцаа бий болсон байна. Мөн хүүхэд үрчлүүлэх, гэр бүл салах үед эд хөрөнгөө хэрхэн хуваах вэ гэдгээс эхлээд зохицуулах шаардлагатай асуудал бий болсон. Энэ бүхний ард эмэгтэйчүүд, хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. Хамтран амьдрагчдын дундаас төрсөн хүүхдийнхээ өмнө эцэг, эхийнх нь хүлээх үүрэг тодорхойгүй байсныг шинэ төсөлд зохицуулсан.
-Д.Оюунхорол гишүүний өргөн барьсан бас нэг хууль байгаа шүү дээ...
-Гишүүн нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан, бид бол цогцоор нь өөрчлөх шинэчилсэн найруулгын төсөл оруулж байна. Д.Оюунхорол гишүүн гэр бүлийн асуудал хариуцсан агентлаг байгуулах хэрэгтэй гэсэн байна лээ. Ийм санааг бид төсөлдөө тусгаж, Хүүхэд, гэр бүл хөгжлийн үндэсний газар болгон өөрчлөхөөр байгаа. Хүүхдийг гэр бүлээс салгаж үзэх боломжгүй. Өмнө нь хүн амын бүлгийг гэр бүлээс салгаж авч үздэг байсны сөрөг нөлөөг хангалттай мэдэрлээ. Гэр бүл бол нийгмийн анхдагч нэгж учраас уг хууль маш чухал юм.
С.ТУУЛ