
Ардын намынхны матаж буйгаар эрх баригчид Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг түр боловч торгоох гэсэндээ ээлжит чуулганыг хаах гэж зүтгэж байгаа. Үнэхээр ч эдийн засгийн нөхцөл байдал хийгээд элдэв асуудлаа бодсон ч 14 хоног биш юм гэхэд наадам хүртэл, ядахдаа л энэ долоо хоногийг дуустал хаврын чуулганы хугацааг сунгах боломж байсан уу гэвэл байсан. Гэвч долдугаар сарын 1 гэх хуулийн хугацаанд багтаан ээлжит чуулганыг хаахын тулд хуулийг хэрхэн “бөөндөж” баталдгийг УИХ-ын өчигдрийн үйл ажиллагаа яруу тод нотоллоо. Ингэхдээ хэрхэн хайнга, назгай ханддагаа ч харууллаа, эрхэм гишүүд. Хамгийн гол нь нийтийг хамарсан баяр, олон хоногийн амралтаар далимдуулан олны анхаарал татаж буй асуудлуудыг сэм шийдвэрлэдэг жишиг давтагдлаа.
Өглөө эртлэн зарласан ч аажуухан эхэлсэн нэгдсэн хуралдаанаар нийт 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэж, завсарлалгүй хуралдсаар зургааг нь баталчихав. Үүнд, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай буюу наадмаар тав хоног амрах хууль, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу дугаартайгаа шилжүүлэх үйлчилгээг зөвшөөрч буй хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга гэхчилэн багтаж байна. “Сурсан занг сураар боож болдоггүй” гэдэгчлэн байсхийгээд л танхимаа эзгүйрүүлэн алга болох эрхэм гишүүдийг урьж залан байж санал хураалтад оролцуулах гэсээр байтал цайны цаг нь талийж өгснийг анзаарсан Спикер арга ядахдаа гишүүдийн тоогоор хуушуур захиалсан.
Нөгөө талаас давчуу хугацаанд олон хууль батлах гэсэндээ УИХ-ын дарга нь хүртэл хуулиудын утга, найруулгад тэгтлээ анхаарал хандуулахгүй байсан. Ямар сайндаа л “Санааг нь ойлгоод саналаа өгчихвөл найруулгыг нь Тамгын газрынханд найдаж болно” гэх маягтай ярьж байх вэ. Үүнээс гадна ирц нь бүрдэхгүй болохоор “Гэм хоргүй ганц саналаар туршилтын санал хураалт явуулаад үзье” гэх нь ч сонсогдсон. Туршиж ч үзсэн. Төрийн эрх барих дээд байгууллагын хууль тогтоох үйл ажиллагаанд “туршилт” байж болно гэж үү. Ийнхүү хуушуурын үнэр ханхийх дор хэд хэдэн хууль батлаж, заримыг нь Байнгын хорооны дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Тодруулбал, өглөө эхэлсэн нэгдсэн хуралдааны дараа холбогдох Байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Гаалийн тариф, гаалийн татварын болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөс гадна Шилэн дансны тухай зэрэг үлдсэн зургаан төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Мөн Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл ч багтлаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэвлэлийн бага хурал зарлаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санал өгөхгүй байхыг уриалаад амжсан. Юутай ч дугаар шилжих мөчид Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэж байсан юм. Ард түмнийг талцуулах сэжим болоод буй эл асуудлыг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дамнуулан хэлэлцэж, эцэслэн батлахаар ярилцаж байлаа.
Б.НОМИН