Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч тавдугаар сард өмнөд хөршийн Шанхай хотноо болсон Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ хоёр хөршийнхөө Төрийн тэргүүн нартай уулзсан.
Энэ үеэр ирэх наймдугаар сард тохиох Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинийг Монголд айлчлахыг урьсан. Мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын дарга Си Зиньпинийг урьсан билээ. Тэгвэл хоёр хөршийн Төрийн тэргүүнүүд ирэх наймдугаар сард манай улсад зэрэг айлчлах сурагтай.
Энэ үед ээлжит бус чуулганыг зарлан Си Зиньпин, В.Путин нарын айлчлалыг тохиолдуулан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулах бололтой. Хоёр хөршийн Төрийн тэргүүн нар УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлж магадгүй талаар эх сурвалж мэдээлсэн юм. Дашрамд дурдахад, “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтыг нэгдсэн төсөвт тусгаж, алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан түвшинд хүртэл үе шаттайгаар буулгах бодлогоор төсвийн тодотголыг боловсруулж, ирэх наймдугаар сард оруулж ирэхийг УИХ-аас үүрэг болгосон билээ.
Б.НОМИН