
УИХ-ын дөрөв дэх удаагийн ээлжит чуулган өндөрлөж бүрэн эрхийнхээ хугацааны тэг дундаас өнгөрөх нь. Цаг хугацааны хувьд ийм байж болох ч хууль тогтоогчдын бүтээлч чанар, ашигт үйлийн үзүүлэлт талаас нь харвал ард түмнээс авсан томилолтын талаас хэдийнэ өнгөрчихсөн. Магадгүй ээлжит сонгуулиудаас түр амсхийх зурвас үе тохиодгийн хувьд энэ удаагийн чуулганаас хамгийн бодитой, ажил хэрэгч шийдвэр гарна гэж найдаж болдог биз. Харамсалтай нь тэр найдвар талаар боллоо. Шуудхан хэлэхэд, хамгийн дампуу чуулганыг сая үдлээ. Харанхуй шөнө болтол хам хум хуралдсан чуулганыг хаахдаа, З.Энхболд дарга нээж хэлсэн үгээ сануулж, “...эдийн засгийн бодит секторыг дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож, томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн зээлүүдийг цаг алдалгүй эргэлтэд оруулах, олон жил царцсан хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн зөвшөөрөгдсөн газарт олгох, аж ахуйн нэгжийн орлогын татварыг нэг шатлалтай болгох, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэлэлцэж батлах, төрийн өмчийн менежментийг боловсронгуй болгож 2014 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтыг батлах, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг батлуулж, төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бондынхтой уялдуулахад анхаарлаа хандуулж ажиллахыг чиглэл болгосон” хэмээсэн.
Гэхдээ Спикер биелсэн эсэхийг нь дүгнээгүй. Зүгээр л “Хаврын чуулганаар 106 хууль, тогтоол, УИХ-ын шийдвэрийн төсөл хэлэлцэж баталсны 10 нь бие даасан хууль, 61 нь нэмэлт, өөрчлөлт оруулах, дөрөв нь хүчингүй болгох, дөрөв нь гэрээ соёрхон батлах, 27 нь УИХ-ын тогтоол байна” гэж хэлсэн юм. Хэлэлцэх асуудлын жагсаалтаас харвал 24 төслөөс дөнгөж наймыг нь л баталжээ. Хэлэлцүүлгийн шатанд байсан болон бусад асуудлын хүрээнд Соёлын өвийг хамгаалах тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэхчилэн хууль, тогтоол баталж, З.Энхболд даргын хэлээд байгаа хэмжээнд хүрсэн байж болох ч бодит үр дүн нь чухам юу байв. УИХ Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталж, Засгийн газар “ЭЗЭН-100” хөтөлбөрөө эхлүүлсэнтэй холбоотойгоор Н.Алтанхуяг сайд, түүний танхимын гишүүдийн нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан олон төсөлд дарагдсанаас болж парламентын төлөвлөгөө биелээгүй байх талтай. Гэвч тэд эдийн засгийн бодит секторыг дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож, томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн зээлүүдийг цаг алдалгүй эргэлтэд оруулсан уу гэвэл үгүй.
Үнэндээ Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоол, Амгалангийн ДЦС-ын угсралтын ажлыг гүйцэтгэх болон жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, төлөх хугацааг хоёр хүртэл жилээр сунгах тухай хуулиудаас хэтэрсэнгүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч хоёр долоо хоногийн өмнө “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжилтийг УИХ-д тайлагнахдаа “Холбогдох 29 хууль, тогтоомжийн төсөл өргөн барьснаас ердөө есийг нь л баталлаа” хэмээн чамласан. Энэхүү хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэхээр Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Эдийн засгийн зөвлөлийн гишүүд ч хууль тогтоогчдыг хөшүүн, хойрго хэмээн шүүмжлээд амжсан. З.Энхболд даргын хэлсэнчлэн Засгийн газраас өргөн барьсан төслүүд дутуу, дулимаг байсан ч гэлээ УИХ дахь нам, эвслийн бүлэг, гишүүд үзэл баримтлалын зөрчилдөө хэт явцуурч, хойш суусан. Үүний тод жишээ нь, өнгөрсөн хаврын чуулганы хугацаанд нэгдсэн болон Байнгын хорооны хурлаар хэлэлцсэн 16 асуудлаар АНын бүлэг гурван удаа 15, МАН-ын бүлэг есөн удаа 37, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дөрвөн удаа 16 хоног буюу нийт 16 удаа 68 хоногийн завсарлага авсан явдал юм.
Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буюу сайд нарын “давхар дээл”- ийг дан болгохоор хоёр чуулган дамжуулан цэц булаалдсан ч адаг сүүлд нь “Арай ч дээ” гэмээр шийдвэр гаргаж чадсан нь ч дээрхийг батална. Араас нь нэг сайд нь сайн дураараа “давхар дээл”-ээ тайлж байхад орыг нь дахиад л “давхар дээлтэн” залгамжлах нь тэр. Хажуугаар нь сөрөг хүчнийхэн ганц сайдыг гандан буурахгүй мэрээстэй. Өнөө сайд нь ч үг дуугүй зуураастай. Ийм л зүйл хэлэлцэхэд ихэнх цагаа зарцуулжээ, тэд. Ер нь ширээ сандал, томилгоо тойрсон дэндүү өчүүхэн эрх ашигт цаламдуулсан улстөрчид, бүлэглэлийн увайгүй үйлдлийн тодоос тод тусгал нь энэ удаагийн чуулган, УИХ болсон гэлтэй. Тиймээс ч хоолой дээр тулсан өч төчнөөн асуудал байхад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг түр боловч торгоох гэсэн ганцхан шалтгаанаар ээлжит чуулганыг хаалаа.
Баталсан
1. Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан
2. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
3. Засгийн газарт чиглэл өгөх тухай (Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай) УИХ-ын тогтоолын төсөл
4. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
5. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
6. Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
7. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл 8. Шилэн дансны тухай хуулийн төсөл
Батлаагүй
1. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл (Засгийн газраас өргөн бариагүй)
2. Газрын тухай хуулийн төсөл (Шинэчилсэн найруулга)
3. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
4. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
5. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл
6. Мөрдөх албаны тухай хуулийн төсөл
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
8. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
9. Галт зэвсгийн тухай хуулийн төсөл (Шинэчилсэн найруулга)
10. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл (Шинэчилсэн найруулга)
11. Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл
12. Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
13. Худалдааны тухай хуулийн төсөл
14. Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
15. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд
16. Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл
Б.НОМИН