Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн саяхан УИХ-ын гишүүн Х.Баттулгаас хэвлэлээр дамжуулан ил захидал хүлээн авсан билээ. Bank of Сhina, ZTE зэрэг компани Монголд орж ирж буйд тэрбээр Ерөнхий сайдыг буруутгасан. Мөн Газрын тухай хуулийн төсөл, төмөр замаар дамжуулан эх орноо худалдлаа хэмээн “загнасан” юм. Ерөнхий сайд “Хэрэлдэх, маргах зав үнэндээ алга. Гэхдээ дуугүй байхаар ил захидалд бичсэн зүйлийг нь хүлээн зөвшөөрсөн болчихно гэж манай Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Мөнхтөр зөвлөсөн. Тэгэхээр хариу мэдэгдэл гаргалаа. Нэг их урт юм бичээд яах вэ гээд хуудас л хариу бичсэн. Үүнийг Засгийн газрын цахим хуудаст тавьчихна” гэсэн оршил хэлэв. Bank of Сhina, ZTE-гийн асуудалд Засгийн газар огтхон ч хамаагүй, Газрын тухай хуульд гаднынханд эх орноо худалдах заалт байхгүй, төмөр замын нарийн царигийн тухайд Х.Баттулгыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа батлуулсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод тусгасны хүрээнд ажиллаж байгаа гэсэн тайлбар өгсөн юм.
Барьцаа
Төрийн тэргүүн “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгынхаа хүрээнд Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл боловсруулснаа танилцуулсан. УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдын өмнө тонголзож, саналыг нь авахын тулд юу ч хийхээс буцдаггүй эрхмүүдийн олонх нь сонгогдсоныхоо дараа тэр хүмүүсээ мартаж орхидог. Тойрогтоо ажиллах, иргэдээ сонсох тухай ярих ч юм биш. Ийм хүмүүст нийт сонгогчийнх нь 10 хувийн саналаар хариуцлага тооцож, буцаан татах асуудлыг дээрх төсөлд зохицуулсан юм. Мөн Байнгын хороо, чуулганы хуралдааны гуравны нэгийг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалсан бол дарга нар нь эгүүлэн татах асуудал хөндөх эрхтэй байх ёстой гэж үзжээ. Тэгвэл УИХ-ын гишүүд энэ санааг дэмжихгүй байна. Үндсэн хуульд “Дараагийн гишүүн сонгогдож, тангараг өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусна” хэмээн заасан байдаг. Тэнд сонгогчид, эсвэл Байнгын хорооны дарга нар гишүүнийг эгүүлэн татах тухай ямар ч зохицуулалт байхгүй. Тийм байхад Ерөнхийлөгчийн санал хол явахгүй гэж үзэж байна. Бас “Тэгж ярих юм бол муу ажилласан Төрийн тэргүүнийг ч адилхан эгүүлэн татдаг байх ёстой биз дээ” гэсэн барьцаа санал гарч байгаа сурагтай шүү.
Хоёронтоо хуушуурдсан нь
УИХ-ын хаврын чуулганыг хуушууртай хаасан нь манай түүхэнд анхны явдал болоод байгаа. Завсарлага авсан тоо, задгайрсан байдлаараа түүхэнд рекорд тогтоох шахсан энэ чуулганыг хаах сүүлийн өдөр УИХ-ын дарга гишүүдээ ходоодоор нь уясан юм. Өдөржин хуралдсан гишүүд өлсөж, гарч орж гүйгээд суудалдаа тогтохгүй байсан учраас асуудлаа бөөндөж, амжаад хуралдаанаа хаахын тулд УИХ-ын дарга З.Энхболд чуулганы танхимд хуушуур захиалсан. Хүний таван хуушуураар тохиртол Б.Бат-Эрдэнэ аваргаас эхлээд бие томтой эрхмүүд энэ тоог нь хоёр дахин нэмэхийг “шаардсан” гэх. Эхний ээлжинд ийнхүү хуушуурдаж чуулганы танхимд ийм зоог барих нь гишүүдэд ихэд таалагдсан бололтой. Оройхон тийшээ дахиж хуушуур захиалсан гэнэ билээ.
Монголчууд очно
Өнгөрсөн оны улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үеэр төсвийн зарим ерөнхийлөн захирагч гадаад томилолтын зардлаа хэтрүүлсэн талаар хөндсөн юм. УИХ-ын чуулганаар асуудлыг хэлэлцэх үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд “Манай яамны ажил бол гадагшаа явах шүү дээ. Томилолтын зардал хэтэрсэн нь долларын ханш өссөнтэй холбоотой” гэсэн тайлбар хийсэн. Үнэхээр ч гадаад харилцаагаа хөгжүүлэхийн тулд монголчууд очиж уулзахаас аргагүй.
Харилцаа, холбоо хөгжсөн гээд и-мэйл шидчихээд суугаад байлтай биш. Ерөнхий сайд гадаад томилолтыг хязгаарлах тухай мэдэгдэхдээ энэ салбарын онцлогийг бодолцох учиртай байж. Монгол Улс уул уурхайн баялгаа дэлгэж, дэлхий нийтийн анхааралд өртөн манайхыг зорих зочид нэмэгдэж буй. Хэдий тийм ч хөгжиж буй орон хэвээр учраас АНУ шиг “Та нар ир” гэх аргагүй.
АНУ-ын Конгрессийн гишүүдийн бараг 70 хувь нь гадаад томилолт авч үзээгүй байдаг гэнэ. Учир нь тэд дэлхийн том гүрнүүдийн нэг, ийш тийш яваад байх шаардлага бага гардаг. Харин Монгол Улсад эсрэгээр байгааг бодолцох ёстой байжээ. Тэгэхээр зардал хэтрүүлсэн гэсэн “ялаас” хөөрхий Л.Болд сайдын салбарыг ялгаж үзэх учиртай байх нь.
Б.Жаргалсайхан сэтгүүлч бүсгүйд сээтэн хаяв
БНН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан телевизийн ярилцлагад оролцохдоо сэтгүүлч бүсгүйд сээтэн хаяад амжсан. Их л ажил хэрэгч яриа өрнөж байсан ч дундуур нь амжуулаад сонирхлоо илэрхийлэхдээ тэр гарамгай аж. “Монгол Улс ямаагаа үржүүлэх хэрэгтэй. Ноолуураа зараад валют олж болно. Мах нь сэрүүн чанартай учраас халуун орнууд руу экспортлох боломжтой. Арьсаар нь гутал, цүнх хийхэд чанартай байдаг” хэмээн ярьж гарлаа. Тэгснээ сэтгүүлч бүсгүй рүү хараад “Тан шиг сайхан бүсгүй ямааны арьсаар цүнх, гутал хийж өмсвөл их зохино” хэмээн сэдвээ өөрчлөв. Уг нь УИХ-ын гишүүн асан сайхан бүсгүйд нугасгүй бололтой юм. Шүүмжилж, улс төр ярьж, ажил хэрэг хэлэлцэж байхад ч хамаагүй таалагдсан бүсгүйдээ санаагаа илэрхийлж чаддаг авьяастай аж. Өмнө нь улс төрийн намуудын удирдлагууд Төрийн ордонд уулзах үеэр тэрбээр АН-ыг муулангаа генсек Ц.Оюундарийг бас ийнхүү магтаад авсан юм.
С.УУЛ