УИХ-ын хаврын чуулган завсарлаж, Төрийн ордон эзгүйрдэг өдрүүд эхлээд байна. Гишүүдэд албан ёсны ээлжийн амралт гэж байдаггүй ч хаврын чуулган завсарласны дараа ийм боломж олддог юм. Чуулганы завсарлагаанаар тэд тойрогтоо ажиллахын хажуугаар амрах, сувилуулахаа ч амжуулчихдаг гэсэн үг. Энэ жишгээр гишүүдийн түрүүч гадаад, дотоодыг зорьжээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт одоохондоо амрах зав алга.
Гаднын айлчлалын хур бууж, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер Л.Болд сайдын, Бүгд найрамдах Чех улсын Парламентын доод танхимын дэд дарга Пэтр Газдык, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь нар З.Энхболд даргын, Бүгд найрамдах Кыргыз улсын Ерөнхий сайд Д.К.Оторбаев Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар тус тус манай улсад айлчилж байгаа.
Энэ үеэр Төрийн гурван өндөрлөг ажлаа хийгээд байж байхаас аргагүй. Зуны урин улиралд гаднын зочид нэмэгддэг нь бараг уламжлал болсон. Ажил хэрэг ярихаас гадна тэдний зарим нь манай улсын Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхохыг хүсдэг биз.
Үндэсний их баяр наадмаар Ерөнхийлөгч салбар салбартаа гавьяа гарган ажилласан иргэдээ төрийн одон, медалиар урамшуулна. Юутай ч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав айлчлагчдын хөлд дарагдаад завгүй явна. Тэгвэл наадмын дараа төрийн гурван өндөрлөг амрах уу гэсэн сониуч асуулт байна. Төрийн тэргүүн өнгөрсөн жил Буйр нуурын эрэг дээр долоо хоног амарч, ажлын алжаалаа тайлсан юм билээ. Харин энэ зун түүнд амрах зав гарахгүй нь. Наймдугаар сард болох Халх голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг эх орондоо айлчлахыг уриад буй. Эрхэм ерөнхийлөгч айлчлах нь бараг тодорхой байгаа. Энэ үеэр ОХУ-аас БНХАУ руу татах хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудлаа эцэслэнэ хэмээн манай тал найдаж буй юм.
Өнгөрсөн тавдугаар сард Төрийн тэргүүн Шанхайд, Ерөнхий сайд Санкт-Петербургт ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж, уг асуудлыг ярилцсан билээ. Улс орны эдийн засаг, геополитикийн хувьд маш чухал энэ хэлэлцээрийг үзэглэчихвэл түүхэн алхам болно. Мөн одоо хөвөрч буй айлчлалын цуваа наадам өнгөрөөд ч үргэлжлэх төлөвтэй байгаа. Урд хөршийн удирдагч Си Зиньпин манай улсад айлчлах сураг дуулдаж байгаа юм. Мөнхийн хоёр хөршийн удирдагч айлчлахаар зэхэж буй энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч алд биеэ бодоод амраад явж таарахгүй нь мэдээж. Тиймээс энэ зун Ерөнхийлөгч чухал айлчлал, ажил хэрэгтээ бэлтгээд амрахгүй ажиллах юм байна. УИХ-ын дарга З.Энхболдын хувьд сүүлийн хэдэн жил ээлжийн амралт аваагүй гэнэ. Гишүүн байхдаа ч амрахад зориулах цаг байгаагүй түүнд парламент тэргүүлж буй үед тэр тухай бодох ч мөч олдохгүй бололтой. Энэ зун тэр мөн л амрахгүй ажиллах аж. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягт ийм асуулт тавибал тохуурхсан хэрэг болох биз. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног үргэлжилж байгаа, 60 гаруйг нь үдээд байна. Үлдэж буй хугацаа Ерөнхий сайд болон Засгийн газарт алдаж болохгүй мөчүүд байх нь мэдээж. 40-өөдхөн хоногийн дараа тэд эдийн засгаа өөд татахын тулд юу хийсэн, үр дүн гарсан уу гэдэгт дүн тавиулна.
Эдийн засгийг хямрааж, иргэдийн амьдрал дордох нөхцөл байдалд хүргэсэн хэмээн сөрөг хүчний зүгээс огцруулах тогтоол гардаад буй Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хувьд амрах тухай ярих бүү хэл бодох, төсөөлөх ч эрх байхгүй. Өчигдөр л гэхэд тэрбээр замын бүтээн байгуулалтын ажилтай өглөө эртлэн танилцсан байна. Ажил их, хугацаа бага учраас Засгийн газар энэ зун амрахгүй хуралдах нь. Анх байгуулагдахдаа завгүй ажиллахаа тэд мэдэгдсэн. Хэдийгээр Ерөнхий сайд нь ажиллана, Засгийн газар нь амрахгүй гэсэн ч “өөртөө чөлөө өгөх” сайд бас олдох нь. Тухайлбал, Уул уурхайн сайд энэ сарын 16-наас долоо хоног амрах юм байна. Тоо боддоггүй, толгой нь хутганы ирнээс хол яваа зарим сайд ч Д.Ганхуягийн жишгийг дагах биз ээ. Харин төрийн гурван өндөрлөгийн хувьд улс төр, эдийн засагт чухал өөрчлөлт авчрахын төлөө ажиллаж, амрах эрхгүй зун болох нь.