АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хаврын чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл хийлээ. АН-ынхан 89 хувийн ирцтэйгээр 34 цаг хуралдаж, 67 асуудал хэлэлцсэн байна. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Энэ удаагийн чуулганы онцлог нь юу байв?
-Ээлжит чуулган илүү үр дүнтэй болж өнгөрлөө. Харилцан ойлголцол, зөвшилцөлд илүүтэй ойртож чадсан. Газрын тосны болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчл өлт оруулах тухай гэхчилэн эдийн засгийн ач холбогдол бүхий гол хуулиудаа баталлаа. Жижиг, дунд үйлдвэрийн болон Амгаланд баригдах ДЦС-ын тоног төхөөрөмжийг холбогдох татваруудаас чөлөөлсөн хуулиудыг баталсан нь ч ач холбогдолтой. Гэхдээ хуралдсан нийт цагийнхаа 50 орчим хувийг Засгийн газар болон сайд нарыг огцруулахад зориулж, ач холбогдол бүхий зарим төслийг хэлэлцээгүйд харамсаж байна.
-АН Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэлгүй сунжрууллаа, сандал ширээтэйгээ зууралдсаар ихэнх цагаа барсан гэж сөрөг хүчин шүүмжилсэн.
-Бид сандал ширээтэй зууралдаагүй. Харин сандал ширээг доголон болгох гэсэн оролдлого хийсэн. Н.Батбаяр сайдыг огцруулах гэсэн нь цагаа олоогүй алхам болсон. Эдийн засгаа идэвхжүүлэхээр ажиллаж буй энэ үед Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулна гэдэг нь хариуцлагагүй үйлдэл. Ирэх наймдугаар сард хоёр хөрштэй хамтарч, томоохон уулзалт зохион байгуулах гэж байна. Ийм чухал үед сайдгүй байж болохгүй. Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулахтай холбоотойгоор АТГ-т гомдол гарган, нэгжлэг хийж болох уу. Асуудалд зарчимтай хандах ёстой. Энэ бүхнийг харгалзан үзсэний үндсэн дээр АН уг асуудлаар завсарлага авсан. Завсарлага чуулган хаахтай давхацсан. Үүнийг буруу гэж бодохгүй байна. Цаашид яах вэ гэдэг нь намрын чуулганаар шийдэгдэх байх.
-“Эдийн засаг хүнд байхад хаврын чуулганыг хаалаа, энэ хугацаанд амрахгүй ажиллах ёстой” гэж цөөнх мэдэгдээд буй. АН-ын бүлгийнхэнд завсарлагын хугацаанд хийхээр төлөвлөсөн зүйл байна уу?
-Дэлгэр сайхан зуны улирал эхэлж байна. Монголчууд хавар, намартаа хавчигдаж, өвөлд өө зутарч, зундаа амардаг уламжлалтай. Энэ уламжлалыг хэн ч эвдэж чадахгүй байх. Түүнчлэн энэ зун олон сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ойгоо тэмдэглэх сумдын хүн зонд баярын мэнд хүргэе. АН-ын бүлгийн гишүүд долдугаар сард үндсэндээ амрахын зэрэгцээ орон нутаг, тойрогтоо ажиллана. Ирэх наймдугаар сард намрын ээлжит чуулганы бэлтгэл ажилдаа орно.
-Хэдийгээр эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээ авч байгаа хэдий ч валютын ханш тогтворжихгүй байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Бидэнд учирч буй хамгийн том хүндрэл валютын ханшийн савлагаа, экспортын огцом бууралт гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ АНын бүлэг, эсвэл УИХ хуралдсанаараа ханшийг бууруулж чадахгүй. Үүрэг хүлээсэн Засгийн газар ажиллаж байна. Асуудлаа шийдэхийн тулд бид хамтарч ажиллана. Зөвшилцөл, ойлголцлоор ажил явуулж болдгийг хаврын чуулганы сүүлчийн хуралдаанаар нотолсон. Бидний гаргасан өмнөх алдаа хамтынх. Ирээдүйд гаргах ололт ч хамтынх байх болно. Тиймээс нэг нэгийгээ үгүйсгэдэг хоосон улстөржилтийг өнөөдрөөс эхлээд зогсоох хэрэгтэй.
-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн 60 орчим нь өнгөрчихлөө. Засгийн газраас холбогдох төслүүдийг өргөн барьсан. Эрх зүйн орчин бүрдэхгүй бол хэнтэй хариуцлага тооцох вэ?
-Засгийн газраас оруулж ирсэн гол хуулиудыг УИХ баталсан. Өрийн удирдлагын тухай хуулийг гуравны хоёр хувийн саналаар батлагдах учиртай. МАН болон манай намын байр суурь хол зөрж байгаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг ч Ардын нам дэмжихгүй байснаас батлагдаагүй. 100 хоног дуусахад эдийн засаг тогтворжих ёстой гэсэн шаардлагыг АН-ын бүлгээс тавьж байгаа. УИХ-аас шууд шалтгаалах нөхцөл байдал үүсэхгүй гэж бодож байна.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх үед танай бүлэг “Шударга ёс” эвсэлтэй санамж бичиж байгуулсан гэсэн. Санамж бичгийн агуулга нь юу байсан юм бэ?
-Хэлэлцүүлгийн явцад ойлголцолд хүрээгүй нэг л асуудал бий. Тодруулбал, стратегийн орд гэж байх эсэх, асуудлаар бид санал зөрөлдсөн. Тиймээс “Шударга ёс” эвсэлтэй санамж бичигт гарын үсэг зурж, намрын чуулганаар хэлэлцэхээр болсон. Олон нийтийн хувьд зарим нь төрийн оролцоог 51 хувь байлгаж болно гэж үздэг ч төр ихэнх хувийг эзэмших ёсгүй гэж үздэг хэсэг бас бий. Шаардлагатай гэж үзвэл стратегийн орд байх эсэх, асуудлаар ард түмний саналыг сонсоход болохгүй зүйлгүй.
-Төмөр замын асуудлыг хаалттай хэлэлцэж хойшлуулсан. Яагаад хойшлуулсан юм бол. Энэ асуудлаарх АН-ын бүлгийн байр суурийг дахин тодруулахгүй юу?
-БНХАУ-тай байгуулах транзит тээврийн гэрээ, бусад асуудлыг шийдвэрлэсний дараа ямар царигаа эцэслэн тогтох хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн. Энэ нь ч зөв. Төр ил тод байхын зэрэгцээ нууж, хаах зүйл ч байдаг. Эдийн засгийн бодлогоо хоёр хөршийнхтэйгээ уялдуулан тодорхойлох нь зүйтэй.
-“АН фракцуудынхаа бодлогыг зангидаж чадахгүй байгаа” гэдэг нь ортой юм биш үү?
-Бүлэг дотроо санал зөрөлдөөнтэй асуудлаар маргалдах, мэтгэлцэх нь нээлттэй. Энэ бол АН-д тогтсон жишиг. Үүгээрээ л явна. Фракц хоорондын ойлголцол хийгээд үл ойлголцол л энэ намд байдаг л зүйл. Үүнийгээ ч нуухгүй. Гэхдээ бүлгээрээ ярилцаж, олонхийн саналаар шийдсэн бодлогыг дагах ёстой. Ийм л зарчим манай намд үйлчилдэг.
Б.НОМИН