Одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар 30 хэмийн халуунд, элсэн дунд хуралдаж байлаа. Улсын нийслэл Улаанбаатараас 600 км алсад Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дахь Гашууны хоолой хэмээх газрыг зорьж очин хуралдсанаараа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд Монгол Улс хэрхэн анхаарал хандуулж буйгаа нотлохыг хичээсэн хэрэг.
Тус хуралдаанаар зөвхөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг тусгайлан хэлэлцсэн билээ. Тэгвэл энэ сарын 28-нд Засгийн газар Хөвсгөл аймагт хуралдах болжээ. Тус аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлын явцтай танилцангаа хуралдах юм байна. Засгийн газрын гишүүд Булганы Хутаг-Өндөр сумын Уньт багаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэлд 88, Тариалангаас Мөрөн хүртэлх 165.3 км авто замын ажлыг хэсэгчлэн гүйцэтгэж байгаатай танилцана.
Гэрээ ёсоор Уньт-Тариалан чиглэлийн авто замыг ирэх аравдугаар сарын 31-нд хүлээлгэн өгөх ёстой. Мөрөн-Тариалан чиглэлийн замыг бараг бүхэлд нь энэ сард багтаан хүлээлгэн өгөхтэй холбоотойгоор Засгийн газар ийнхүү хуралдах ажээ.
Б.НОМИН