БЛИЦ:
Биеийн өндөр: 162 см
Мэргэжил: Москва хотын Авто зам, инженерийн сургуульд инженерийн эдийн засагч мэргэжлээр сурсан.
Төрсөн газар: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум.
Хообий: Дуулах, машинаар давхих
Цол: Дэлхийн шатрын холбооны их мастер.
Тэрбээр энгийн үед өдөрт 4-6 цагийг шатар нүүхэд зориулдаг бол тэмцээний бэлтгэлд гарахаараа өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хичээллэдэг гэсэн.
Хамгийн хурдан хугацаанд хожсон өрсөлдөгч: 2005 онд “Цодгор хүү” тэмцээнд оролцож байхдаа Увс аймгаас ирсэн охинтой тоглоод гурван минут хүрэхгүй хугацаанд хожжээ. Тоглолт эхлэхийн өмнө тэрбээр өрсөлдөгчөөсөө нэрийг нь асуутал өөдөөс нь “Хэнчбиш” гэжээ. Тэгэхээр нь “Би чамтай тоглоогүй байна шүү дээ. Нэрээ хэл л дээ” гэсээр хэд хэд давтуулсны эцэст тэд сая нэг ойлголцсоноор тоглолт эхэлсэн гэнэ.
Вьетнамын Хо Ши Мин хотод энэ сарын 2-7-нд зохион байгуулсан “Chess for girls Asia” буюу Азийн залуучуудын шилдэг арван эмэгтэй шатарчдын рапидын тэмцээнд олон улсын мастер А.Энхтуул гуравдугаар байр эзэлсэн билээ. Ингэснээр тэрбээр шатарчин хүний хамгийн том зорилго болох Дэлхийн шатрын холбооны их мастер хэмээх эрхэм хүндтэй цол хүртэх эрхтэй болсон юм. Их мастер цолны норм биелүүлэхийн тулд А.Энхтуул болон түүний орос, монгол дасгалжуулагч багш, гэр бүлийнхэн нь сүүлийн дөрвөн жилийн турш хамтдаа мэрийсэн гэдгийг шатарчин охин онцолж байлаа.
Есөн настайгаасаа эхлэн шатрын спортоор хичээллэсэн тэрбээр Монголын шатарчдын түүхэнд долоо дахь, бас хамгийн залуу их мастер болов. Дуулж, бүжиглэдэг, хөгжим тоглож, жүжиглэдэг, сэргэлэн, хөдөлг өөнтэй бяцхан охиноо “дарж” хүмүүжүүлэх санаатай ээж нь “Төр Монгол” дунд сургуульд оруулснаар тэндхийн шатрын дугуйланд хичээллэх эхлэлийг тавьжээ. Урлаг уран сайхан хөөсөн, спортоос тэс хөндлөн сонирхолтой А.Энхтуулд яагаад ч юм бэ шатар тоглох их таалагдсан учраас өөрийнхөөсөө гадна найз Б.Бадамцэцэгийнхээ цаг дээр давхар хичээллэдэг байж.
Ийнхүү айлын ганц охин бусад хүүхдийн адил гадаа тоглох, амарч зугаалах эрх чөлөөгөө сайн дураараа хорьж, өдөржин шатрын өрөг ширтэж суух замыг сонгосон байна. 11 жил энэ замаар явж буй тэрбээр “Нэг зүйлийг удаан ширтэж суухаар хараа муудаж, нуруу бөгтийс өн” хэмээн хошигнолоо.
Л.ГАНЧИМЭГ