Дөрвөн сарын өмнө осолдсон онгоцныхоо сэгийг нь ч олоогүй байхад дахин нэг нь сүйрч, гашуун зовлон амсаж буй малайзчуудыг өрөвдөж, өмнөөс нь харамсахдаа “Ном уншуулж, засал хийлгэвэл таарна” гэж халаглах монгол цөөнгүй. Олон зуун хүн амь үрэгдсэн осолтой адилтгах нь юу юм гэхэд, бас л хэл амнаас хагацахаа болиод буй нэгэн газар бол “Хаан жимс” жуулчны бааз.
Улаанбаатараас 55 км-т байрлах, “тансаг” гэж тодорхойлж болох эл жуулчны баазынхан бохироо Туул голд цутгасан, үерт автсан, үүнийг нь дэлгэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хаасан гээд л үнэн, худал нь үл мэдэгдэм мэдээ сэлт тасарсангүй.
Ердийн нэг бус Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний гэр бүлийн гишүүд 33 хувийг нь эзэмшдэг “Хаан жимс Эс Ти Би” ХХК-ийн харьяа жуулчны бааз, шууд хэлбэл Засгийн газрын тэргүүний гэр бүлийн бизнес гэгддэг нь санаатай болон санамсаргүйгээр “Хаан жимс”-ийг хардах хамгийн том шалтгаан болдог. Энэ удаа ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг ба “Хаан жимс”-тэй холбоотой харш мэдээлэл хөврөх нь. Үндэсний их баяр наадмаар Ерөнхий сайд гэргийн хамт манай улсад суугаа дипломат төлөөлөгчдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Улс орноо төлөөлөн эх орондоо суугаа Элчин сайд нарыг нэг өдөр агаар салхинд аваачин, нум бариулж, сум тавиулан, хүлгийн зоон дээр гаргаж, дэлхийд ганцхан монгол наадмаа сурталчилсан хэрэг. Ер нь үндэсний хийгээд дэлхий даяар тэмдэглэдэг томоохон баярын үеэр дипломат төлөөлөгчдөдөө ямар нэг байдлаар хүндэтгэл үзүүлэн, ёс алддаггүй. Угаасаа дипломат харилцааны суурь зарчмыг үндэслэсэн гэгддэг монголчууд хэдэн зууны тэртээгээс өөрийн болон өрөөлийн элч, төлөөлөгчдөд асар хүндэтгэлтэй хандаж ирсэн уламжлалтай. Гэхдээ энэ удаа Ерөнхий сайд дипломат төлөөлөгчдийг “Хаан жимс” бааздаа хүлээн авчээ. “Хаан жимс”- ийн халаасанд орсон болгоны гуравны нэг нь гэр бүлд нь ирдэг гэдгийг мэдсээр байж өчүүхэн ч эмзэглэл, болгоомжлолгүйгээр хувь, хувьсгалын ажлаа хольж, ашиг сонирхлоо мөргөлдүүлж орхилоо. Тэгээд ч “Үүнээс өөр газар олдсонгүй юү” гэх бодол төрж байна.
Уг нь Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, Засгийн газрын тэргүүн, өндөр, дээд хэмжээний зочид төлөөлөгчдөд зориулснаас авахуулаад төрийн хүндэтгэлийн ёслол, арга хэмжээнүүд тусгай хамгаалалттай “Их тэнгэр” цогцолборт болж ирсэн. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Их тэнгэрийн аманд төр, засгийн нийтлэг үйлчилгээг эрхлэн явуулдаг тус байгууллагад энэ төрлийн арга хэмжээг даалгах нь аюулгүй байдал, зардал санхүү гээд бүхий л талаараа ач холбогдолтой байдаг биз. Гэвч Н.Алтанхуяг сайд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчлөө.
Энд “нийтийн алба” гэж бидний ярьж, ойлгож заншсан төрийн албыг хэлж буй. Тэнд Алтанхуяг Норовын хүү бус Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувиар Элчин сайдуудыг хүлээн авсан. Үүнээс өөрөөр хүлээн авах, хүрэлцэн очих шалтгаан үнэндээ үгүй. Харамсалтай нь Ерөнхий сайд гэр бүлийн гишүүдийн хамт гуравны нэгийг нь хүртдэг жуулчны бааздаа дипломат төлөөлөгчдийг хүлээн авснаараа дээрх хуулийн 14.1-д “Албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн хэрэг боллоо. Өөрөөр хэлбэл, тэрбээр Элчин сайд нарын хамт “Хаан жимс”-д хөл тавьснаараа “Хаан жимс Эс Ти Би” ХХК-ийн хувь эзэмшигч Н.Алтанхуяг гэр бүлийн бизнесийнхээ өмнө төрийг төвөггүйхэн төлөөлчихлөө.
Ийнхүү хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага бий. Тодруулбал, тус хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчвөл 29.2.3-т зааснаар албан тушаалыг нь бууруулахаар байгаа юм. Гэхдээ Ерөнхий сайдад албан тушаал бууруулах хариуцлага хүлээлгэнэ гэвэл үр дүн нь чухам юу байхыг хэлж мэдэхгүй юм. Магадгүй энэ нь Н.Алтанхуяг хийгээд түүний Засгийн газрыг ээрэх нэгэн шалтаг болохыг ч үгүйсгэх аргагүй.
Б.НОМИН