.jpg)
Төв аймгийн Зуун мод хотноо насанд хүрэгчдийн дугуйн УАШТ энэ сарын 25-27-нд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд “Алдар”, “Хүч” спорт хороо,” Атилла” зэрэг 10 байгууллагын 70 гаруй дугуйчин оролцож, хурд хүчээ сорив. Энэ жилийн тэмцээн олон улсын хэмжээний мастер Д.Оргодолын нэрэмжит болж байгаагаараа онцлог. Мөн ахмад дугуйчид уралдсан нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон юм. УАШТ-ний үеэр Монгол улсын гавьяат дасгалжуулагч УАШТ-ий ерөнхий шүүгч Н.Чанцалтай уулзаж ярилцлаа
-Энэ удаагийн тэмцээн өмнөхөөсөө юугаараа онцлог болов?
-Энэ жилийн УАШТ ОУ-ын хэмжээний мастер Д.Оргодолын нэрэмжит болж байгаагаараа онцлогтой. Мөн энэ удаагийн тэмцээний үеэр ахмад дугуйчдыг 40-55 насны эрэгтэй, 56-аас дээш насны эрэгтэй, 40-ээс дээш насны эмэгтэй гэсэн насны ангиллаар оролцуулж байгаа нь өвөрмөц болсон. Өсвөр насны ангиллын уралдаануудад амжилттай оролцдог 17-оос дээш насны ур чадвар сайтай өсвөрийн тамирчдыг тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн нь тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байна. Би дасгалжуулагчаар 40 жил ажиллахдаа зохион байгуулалтын ямар ч будлиангүй ийм сайн тэмцээн бараг үзэж байгаагүй. Өмнөх жилүүдийн тэмцээнээс илүү хамрах хүрээ өргөн тэмцээн болж байна гэж хувьдаа дүгнэж байгаа.
-Д.Оргодол агсны нэрэмжит болгосны хүрээнд ямар, ямар ажил хийсэн бэ?
-Төв аймгийн ЗДТГ, Дугуйн холбоо, Д.Оргодол агсны гэр бүл хамтран бэлтгэл ажлыг хоёр сар хийсний үндсэн дээр энэ удаагийн тэмцээн амжилттай зохион байгууллаа. Нэрэмжит болгох ажлын хүрээнд түүний нэрэмжит хүндэтгэлийн самбар байгуулж, амьдралынх нь намтар түүхийн тухай үзэсгэлэн гаргасан. Үе үеийн дугуйн спортын тамирчдын нэгдсэн уулзалтыг хийсэн.Тэмцээнд оролцож буй тамирчид тус хуралд оролцож, Д.Оргодол агсны алдар гавьяа, үйл хэргийг эргэн дурссан. Тэрбээр Герман, Чех,Польшийн нутгаар дамнан уралддаг Дэлхийн энх тайвны уралдаанд манай дугуйчдаас анх удаа дундын зайд түрүүлж цомоор шагнагдаж байсан юм. Мөн Сочи болон Польшид болсон ОУын тэмцээнүүд болон 1980 оны Москвагийн олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан гавьяатай хүн.
-Дугуйчдын ур чадвар хэр сайн байна вэ?
-Манай дугуйчдын амжилт, ур чадвар жилээс жилд ахиж байгаа. Техник материалын хувьд ч бас Оу-ын түвшинд хүрсэн. Дугуй болон бусад материалаар хангагдаж байна.
-Уралдааны замын тухайд?
-Төв аймгаас Налайхын зам хоорондох “Шинэ зам”-д уралдсан. ОУ-ын уралдаан явуулах бүрэн боломжтой сайн зам тавигдсанд баяртай байна. Гадаадын тэмцээн яг л бидний уралдаж байгаа шиг ийм зам дээр болдог . Зам талбай сайн байгаа ч гэсэн даваа гүвээ ихтэй байгаа нь тамирчдын тэсвэр хатуужлыг их шалгаж байна. Бөөн гараатай уралдаан 180 км-т болох байсан хэдий ч замын хэт өгсүүр уруу байдал болон өсвөрийн тамирчид олон оролцож байгааг харгалзан үзэж 150 км болгож өөрчилсөн .
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Багийн гараа: 1.Хан-Уул дүүрэг 2.“Атилла” клуб 3.“Хүч” спорт хороо Эмэгтэй хосын 25 км: 1.“Алдар” спорт хороо 2.Хан-Уул дүүрэг 3.“Хүч” спорт хороо
Цуваа гараа 25 км.
Эрэгтэй: 1.Т.Төгөлдөр (Алдар) 2.Б.Мягмарсүрэн (Атилла) 3.А.Алтансүх (Төв)
Эмэгтэй: 1.Ж.Өлзий-Солонго (Төв) 2. Т.Энхжаргал (Хүч) 3.Ц.Солонго (Алдар)
Бөөн гараа.
Эмэгтэй 50км: 1.Т.Энхжаргал (Хүч) 2.Ц.Солонго (Алдар) 3.Ж.ӨлзийСолонго (Төв
Эрэгтэй 150 км: 1.Э.Мөнхтулга (Төв) 2. Б.Марал-Эрдэнэ (Төв) 3.Т.Төгөлдөр (Алдар)
Ахмадын 40-өөс дээш насны ангилалд.
Эмэгтэй: 1.Л.Буяндэлгэр, 2. Ч.Батнасан (Атилла) 3.Л.Хишигдэлгэр (Төв)
Эрэгтэй: 1.Б.Хадхүрэл (Атилла) 2.Г.Жаргалсайхан (Төв) 3.Ц.Цогтсайхан (Дархан)
56-аас дээш насны ангилал.
Эрэгтэй: 1.Т.Пүрэвдорж (Атилла) 2.Л.Цогтгэрэл (Атилла) 3.Г.Лэргэрсайхан (Хан-Уул)
БАГИЙН ДҮН: Ц.Чанцал дасгалжуулагчтай Төв аймгийн “Төв зам” клуб тэргүүлж, Т.Төгөлдөр дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны баг удаалж, Я.Баатар дасгалжуулагчтай “Атилла” клуб гуравдугаар байрт шалгарав.