Кувейтийн Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах хувийн айлчлалаар өчигдөр манай улсад хүрэлцэн ирсэн тухай тус улсын мэдээллийн KUNA агентлаг мэдээллээ. Үндэсний хамгаалалтын газрын орлогч дарга Шейх Мешаал Аль-Ахмад АльЖабер Аль-Сабах болон цөөн тооны төлөөлөгч түүнийг дагалдан явж буйг уг мэдээлэлд тодотгосон байна.
Кувейтийн угсаа залгамжлах хунтайж Шейх Наваф Аль-Ахмад Аль-Жабер АльСабах, Үндэсний Ассамблейн дарга, Ерөнхий сайд, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, Гадаад харилцааны сайд болон төрийн өндөр дээд бусад албан тушаалтан түүнийг Кувейтийн нисэх онгоцны буудлаас үдсэн гэнэ. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас лавлахад “Кувейтийн Эмир жил бүр Монголд ирж амардаг. Энэ жил ч мөн хувийн шугамаар амрахаар ирж байгаа” гэлээ.
Дашрамд дурдахад, Шейх Ахмад Аль-Жабер Аль-Сабахын дөрөв дэх хүү тэрбээр 2006 оны нэгдүгээр сарын 29-нд Кувейтийн Үндэсний Ассамблейн баталснаар хаан ширээнд заларсан юм байна.
Б.ЦЭЦЭГСҮРЭН