Мэргэжлийн дугуйн топ тэмцээн болох алдарт “Тур де Франс”-ын аварга тодроход ганцхан гараа үлдлээ. Нийт 21 гараатай тус уралдааны хоёрдугаар тойргоос хойш тэргүүлэгчийн шар цамцны эзэн болсон Италийн дугуйчин Винченцо Нибали 10,13 болон 18 дахь гараанд бусдыгаа манлайлж өнгөрсөн амралтын өдөр үргэлжилсэн 20 дахь гараанд дөрөвт хурдалснаар 2014 оны аварга болоход ойртож ирлээ.
Тэрбээр 18 гараанд шар цамц өмсөхдөө ес дэх гараанд л Тони Галлопенд алдсан ч дараагийн гараанаас эргүүлэн авсан. Нибалийн хувьд арын өрсөлдөгчөөсөө бүтэн долоон минутын урд яваа болохоор мэргэжлтнүүд түүнийг аварга болно хэмээн үзэж буй. Хамгийн сүүлийн 20 дахь гараанд Герман дугуйчин Тони Мартин түрүүлсэн бөгөөд түүний хувьд энэ жил хоёр гараанд аваргалсан юм.
Тони 54 км замыг 1 цаг 06 минутын хугацаанд дуусгаж барианд орсон. Түүний араас Голландын Том орсон бөгөөд тэрбээр герман дугуйчнаас минут 39 секундээр хоцорсон аж. Уулын шилдэг дугуйчинд олгодог алаг цамцны эзэн тэмцээний туршид найман удаа солигдсон байна. Одоо алаг цамцыг Польш дугуйчин Рафал Майка эзэмшиж байгаа бөгөөд тэрбээр 16 дахь гараанаас тус цамцыг өөрийн болгосон юм. Өдгөө 24 настай, “Саксо Тинкофф” багийн дугуйчин Майка нийт 181 оноотой яваа. Харин хамгийн олон оноотой дугуйчинд өмсгөдөг ногоон цамцны эзнээр Словакийн Петер Саган аль хэдийнэ тодроод байна. Тэмцээний дөнгөж хоёр дахь гараанаас ногоон цамц өмссөн Саган 18 гараанд тэргүүлэгчийн байр сууриа огт алдаагүй. Тэрбээр арын өрсөлдөгчөөсөө 164 оноогоор тасарч, нийт 417 оноотой явна.
Харин залуу дугуйчдад олгодог цагаан цамцыг Францын Тибо Пино эзэмшиж байна. Багийн дүнгээр Францын “АЖ2Р Ла Мондиали” 260:24:10 секундын амжилтаар тэргүүлж явна. Тэдний шилдэг дугуйчин Жан Кристоф Перо хувийн амжилтаараа одоогоор хоёрдугаарт бичигдэж буй. Мөн Ромен Барде хувийн амжилтаар зургаад жагсаж байгаа. Харин тус багийн дараагаар Голландын “Белкин Про” бичигдэж яваа. Тэд тэргүүлэгчдээс 34 минут 44 секундээр хоцорсон үзүүлэлтэй байна.
20 дугаар гарааны дүн
1.Тони Мартин 1:06:21
2.Том Думоулин +1:39
3.Ян Барта +1:47
4. Винченцо Нибали +1:58
5.Леопольд Кёниг+ 2:02
6.Тижей ван Гардерен +2:08
7.Жан Кристоф Перо +2:27
8.Сильвен Шаванель +2:36
9.Маркель Иризарь +2:39
10.Даниэль Осс +2:58
Нийлбэр дүн (шар цамц)
1. Винченцо Нибали 86:37:52
2. Жан Кристоф Перо +7:52
3.Тибо Пино +8:24
4.Алехандро Вальверде +9:55
5.Тижей ван Гардерен +11:44
6.Ромен Барде +11:46
7.Леопольд Кёниг +14:41
8.Аймар Субельди +18:12
9.Лоуренс тен Дам +18:20
10.Бауке Моллема +21:24
Уулын зам (алаг цамц)
1.Рафал Майка 181 оноо
2.Винченцо Нибали 168
3.Хоаким Родригес 112
4.Тибо Пино 89
5.Жан Кристоф Перо 85
Нийлбэр оноо (ногоон цамц)
1.Петер Саган 417 оноо
2.Брайан Кукер 253
3.Александр Кристофф 247
4.Марк Реншоу 189
5. Винченцо Нибали 182
Б.ЦОГТОО