
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын ээлжит хуралдааныг Хөвсгөл аймагт хийх шийдвэр гаргасан нь олны шүүмжлэлийг дагуулсан. Гэсэн ч тэрбээр “Хэл амнаас айж, Хөвсгөл аймагт товлосон хурлаа цуцлахгүй. Ашиглалтад орохгүй олон жил болж байгаа Хөвсгөл аймгийн замын ажилтай танилцмаар байна” гэдгээ өнгөрсөн баасан гаригт болсон “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлын үеэр хэлсэн байсан. Тэгвэл тэрбээр уг шийдвэрээ өөрчилсөн бололтой. Засгийн газрын хуралдааныг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хийхээр болсон сураг байна.
Тус сумын Уньт багаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэлд 88, Тариалангаас Мөрөн сум хүртэл 165.3 км авто зам тавьж буй. Тиймээс дээрх замын бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж буй Уньт багийг зорихоор шийдсэн бололтой. Н.Алтанхуяг сайд орон нутагт хийх хуралдаанаараа аймгуудыг нийслэлтэй холбосон замын ажлын явцтай танилцахаас гадна хөдөө орон нутагт Засгийн газрын бодлого хэрхэн хэрэгжиж байгаа талаар хэлэлцэх гэнэ.
Уг хуралдаан ирэх баасан гаригт буюу наймдугаар сарын 1-нд болох юм байна.
Р.ЦЭЦЭГ