Тусч, бас нүнжигтэй
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тусч хийгээд нүнжигтэйг нутгийнхан нь шагширч байгаа сурагтай. Баруун бүсийн Даншиг наадамд хурдан морь унах ёстой хүү гараанаас хоцорчихоод уйлж зогсохтой таарсан тэрбээр зурхайд нь хүргэж өгчээ. Ингэхдээ морьдыг гарааны зурхайгаас хөдөлгөхгүй байлгаж байхаар ярьж, хүлээлгэсний хүчинд жаал хүүг амжиж хурдан хүлэгт нь мордуулсан сурагтай.
Эрхэм гишүүний ачаар наадам “таслаагүй” хүү унасан хязаалангаа айргийн гуравт хурдлуулсан нь бүр ч азтай. Үүнээс гадна тус гишүүн “Нью прогресс” группийн бөх харцага Б.Пүрэвсайханыг өнөө жилийн Улсын наадамд хурц дайчин барилдаан үзүүлж, цол хүртсэнийг нь мялааж, унаж явсан “Land- 200”-гаа бэлэглэж нүнжигтэй загнажээ.
Ерөнхийлөгч “музей”-тэй болов
Ховд аймгийн Засаг даргын санаачилгаар Галдан Бошогт хааны мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн Их хурд наадмын босгон дээр Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн нэрэмжит танхимыг аймгийн музейд байгуулж, өнөөдөр ёслолын тууз хайчлан, нээлтээ хийжээ. Тус танхимд Төрийн тэргүүнтэй холбоотой бүхий л мэдээллийг цахимаар үзэх боломжийг бий болгохыг зорьсон гэдгээ аймгийн Засаг дарга онцолсон юм. Танхимд Ерөнхийлөгчийн эдэлж, хэрэглэж байсан хувцас хэрэглэл, эд өлгийн зүйлийг үзмэр болгон тавьжээ.
Сонирхуулахад, БНСУ-ын Сежунг хотод улсынхаа бүх Ерөнхийлөгчид холбогдох төрийн бичиг баримт, архивуудыг хадгалсан Ерөнхийлөгчийн музейг ирэх онд нээх гэж байгаа аж.
Гадаад харилцааны сайд Л.Болд Ерөнхийлөгчид тунирхжээ
Япон улсад хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Монголын 130 гаруй бизнесийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Б.Наранхүү болон Д.Сумьяабазараас өөр гишүүн, сайд багтаагүй. Эрхэм түшээд бизнесмэний төлөөлөл гэдгээрээ багтсан хэрэг юм.
Мон-Ураны захирал Б.Наранхүү Улаанбаатарт 68 давхар барилга, амралт чөлөөт цагийн хотхон барихаар төлөвлөж, зураг төслөө танилцуулсан бол Д.Сумьяабазар Хөрөнгө оруулалтын банкны салбараа Японд нээх тухай хэлэлцэхээр явжээ.
Харин Гадаад харилцааны сайд Л.Болд Токио хотноо зохиосон Монголын бизнесийн форумд өөрийгөө явна гэдэгт 100 хувь итгэлтэй байсан ч багт нь багтаагүйдээ сэтгэл гонсгор, дурамчхан яваа гэнэ.
“Тайлан тавих гэж ирээгүй”
Хөвсгөл аймаг байгуулагдсаны 83 жил, Жалханз худагт Дамдинбазарын мэлмийг нээсний 140 жил, Хотгойдын хурдан морины даншиг наадам хоймор нутагт боллоо. Тус наадмын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл нуурын эрэг дээр ахмадуудад зориулж сувиллын газар байгуулснаа зарлажээ. Харин энэ үеэр тус наадамд оролцсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс орон нутгийн телевизийн сэтгүүлч Хөвсгөлд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын талаар асуухад “Би наадамд оролцож байна. Энд ажил ярих гэж, хийснээ тайлагнах гэж ирээгүй” хэмээн эгдүүцжээ.
О.Баасанхүү 10 тэрбумын “өрөнд унах уу”
Хар тамхины хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжлэх гэнэ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү түүнийг шүүхээс гэм буруутайг нь эцэслэн тогтоогоогүй байхад “хар тамхичин, биеэ үнэлэгч” гэх зэргээр олон нийтийн хэрэгслээр нийтэд тараасан гэж Г.Сарангэрэл ийнхүү 10 тэрбум нэхэмжилж буйг өмгөөлөгч Г.Батбаяр нь ярьсан юм.
Гэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргахад тухайн нэхэмжилж байгаа мөнгөнийхөө 10 хувийг тэмдэгтийн хураамж болгон төлдөг. Тэгэхээр Г.Сарангэрэл тэмдэгтийн хураамж болгон 100 сая төгрөг тушаачихвал эрхэм гишүүн нэлээд их хэмжээний мөнгө төлөх хэрэгт дуудагдах нь бололтой.
Эр хоёр загал
УИХ-ын гишүүн М.Зоригт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 90 жилийн ойн баяр наадамд оролцжээ. Энэхүү наадамд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ч хүрэлцэн ирсэн аж. М.Зоригт гишүүн “БатЭрдэнэ гишүүн бид хоёр хаана ч хамт л явж байдаг юм. Учир нь манай хоёр айл хөрш. Зусланд ч, Төрийн ордонд ч ёстой л “эр хоёр загал” гэдэг шиг л хамт байдаг хүмүүс” хэмээжээ. Үнэхээр ч тэдний албан өрөө нь Төрийн ордны дөрвөн давхарт хаяа дэрлэдэг юм.
Мөн тэрбээр фэйсбүүк хуудасны “найз” Бор Лосол нэртэй иргэнийг шүүхэд өгөхөөр болжээ. Учир нь энэхүү “найз” нь “Энэ хүн бол төрд гарсан олигархийн жинхэнэ төлөөлөл. Төр засгийг яг л хувийн компани болгож, хувийнхаа бизнесийн эрх ашгийн төлөө хууль батлуулж чадаж байна. Сүхбаатар аймгаас сонгогдоод ураны асуудлыг идэвхжүүлсэн хүн. Түүний эрх ашиг нь Эрдэнэцагааны нутаг дахь алдарт Лхачивандад уулаас эхлээд хилд тулгаад шатдаг занарын хайгуулын зөвшөөрлийг алгасаад шууд олборлох хуулийг батлуулчихлаа. Энэ лицензийг дөрөвдүгээр сард авсан учир ашигт малтмалын хуулийг ноцтой зөрчиж байна. Одоо Хятадтай хилийн бүсийн менежментийн гэрээ хийх гэж байна” хэмээн фэйсбүүк хуудсандаа бичсэн. Харин М.Зоригт гишүүн “Энэ хүн намайг шалгуул. Эсвэл би түүнийг шүүхэд өгнө” гэсэн юм.