.jpg)
“2008 онд Бээжингийн олимпийн алтан медалийн төлөөх хамгийн хариуцлагатай мөчид О.Гүндэгмаагийн буу гацахад Н.Түвшинбаярыг аварга болно гэдгийг бид зөнгөөрөө мэдэж байсан. Яагаад ч юм манай нутгаас л анхдагчид төрөөд байдаг нь сонин шүү” хэмээн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ-ын дарга хуучлав. Үнэхээр ч энэ л “бичигдээгүй хууль” ёсоор Хөвсгөлд болно гэж баахан хөглүүлсэн Засгийн газрын хуралдаан эцсийн эцэст Булганд л болж, “анхны” гэсэн тодотгол ахиад л тэр нутгийнх боллоо. 2010 онд Монгол Улсын Засгийн газар 30 хэмийн халуунд, элсэн дунд хуралдсан нь Мальдивийн Засгийн газар усан дор, Балбынх Эверестэд хуралдаж, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хэрхэн анхаарал хандуулж буйгаа нотлох гэсэн алхмуудын нэгэн хувилбар байсан.
Харин энэ удаа Монгол Улсын Засгийн газар анх удаа хөдөө, орон нутагт ээлжит хуралдаанаа хийсэн нь энэ. Бэлгэдэж, баярлах ч яах вэ, хуралдаан болно гэх сургаар Хутаг- Өндөрийнхөн түргэн авсан нь илт. Дээр нь сумын захиргааны байранд цэмцийтэл бэлдсэн ширээ сандал, техник төхөөрөмжийг наадам, дараа нь сургуулийн өмнөх талбайд шилжүүлэн засах гэж шөнө дөл болтол ажиллах сумынхныг хараад “Ингэж түвэг удах гэж” хэмээн дургүйлхэж сууснаа нуух юун. “Хөвсгөлд хуралдана” гэх сураг ажиг төдийгөөс ажил хэрэг болтлоо баахан шүүмжлүүлсэн Засгийн газрыг “чимхээд” авах бичлэгийн төлөвлөгөө ч толгойд ундарч байлаа. Гэхдээ бодит байдалтай танилцаж, биеэр сурвалжлаад ирсэн би “Булганд хуралдсан нь буруудаагүй ээ” гэсэн бодлоор бичиж байна. Эдийн засгийн байдал тэнхлүүн бус байгаа энэ үед сайд нар, хуралдаан зохион байгуулагчид нь очих гэж, аймаг, сумынхан нь хүлээж авах гэж тодорхой зардал гаргасан л байлгүй. Гол нь тус хуралдааны ач холбогдол, үр дүн хар тээж очсон миний төсөөлснөөс хавьгүй өндөр байсныг өгүүлье.
Энэ тухайд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ хуралдаанаас зөвхөн Булган аймаг, Хутаг-Өндөр суманд зориулсан шийдвэр гарахгүй. Нэг аймаг, нэг сумаар жишээ болгон тулгарч байгаа олон асуудлаас санаа авч 21 аймаг, 300 гаруй суманд тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг эрэлхийлж байна” гэсэн. Засгийн газрын ээлжит 41 дүгээр хуралдаанд Гадаад харилцааны сайд Л.Болд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нараас бусад сайд оролцсон. Анх мэдээлж байсанчлан дан ганц замын бүтээн байгуулалт бус төр, засгийн зүгээс хөдөөгийн хөгжлийн цогц бодлогын хүрээнд хийж буй бүхий л ажилтай газар дээр нь танилцаж, зохих шийвэрт хүрэх нь тус хуралдааны зорилго байсан юм. Тиймээс ч дэгийг бяцхан өөрчилж, хуралдааны эхэнд Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Хутаг-Өндөр сумын Засаг дарга Б.Жаргалсайхан нар аймаг, сумынхаа нийгэм, эдийн засаг болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийсэн. Тус аймгийн хувьд юуны түрүүнд дулааны станцын санхүүжилт хүссэн. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Булган суманд баригдаж буй дулааны станцын гүйцэтгэл 60 гаруй хувьтай байгаа аж. Төслийг хэрэгжүүлэгч нь таван тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байгаа ч, үнэ ханшийн өөрчлөлт, хугацаа алдсан шалтгаанаар одоо шаардлагатай байгаа гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж чадахгүйд хүрээд байгаа юм байна.
Энэхүү үлдэгдэл шаардлагатай хөрөнгийг улсын төсвийн хөрөнгө оруулалт, зээл дэмжлэгт хамруулах хүсэлтэй байгаа юм. Санхүүжилт нь шийдэгдчихвэл үлдсэн ажлыг 60-70 хоногт багтаан дуусгаж, энэ жилийн халаалтын улирлаас эхлэн Булган аймгийн төвийг бүхэлд нь дулаанаар хангах боломжтой. Эл асуудлыг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэхээр боллоо. Мөн Булганы удирдлагууд үйлдвэр технологийн парк байгуулж өгөхийг хүссэнийг Эдийн засгийн хөгжлийн сайд хариуцан ажиллах бөгөөд энэ чиглэлийн суурь судалгаа хэдийнэ хийгдсэнийг Н.Батбаяр сайд дуулгав. Түүнчлэн Бага-Илэнхийн боомтыг байнгын ажиллагаатай болгох шаардлагатай байгааг хэлэв. Энэ нь ОХУ-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдэгдэх асуудал тул Гадаад харилцааны сайдыг хойд хөршийн холбогдох албаны хүмүүстэй ярилцсаны дараа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон юм. Булган аймаг болон Хутаг-Өндөр сумын удирдлагуудын мэдээлэлтэй холбогдуулан Засгийн газрын гишүүд асуулт тавьж, хариулт авсан. Энэ үеэр Хутаг-Өндөр сумын Засаг дарга өнгөрсөн жил Орон нутгийн хөгжлийн сангийн 325 сая төгрөгөөр юу хийснийг нь Ерөнхий сайд асуухад бүдэрсэн юм. Орлогч нь хариулах гээд ч барсангүй.
Ерөнхий сайд хэл амыг нь сугалах шахам байж 60 сая төгрөгөөр халуун ус, 75 сая төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэн, 20 сая төгрөгөөр 10 гэрэлтүүлэг, хоёр худаг барьсан гэхээс өөр зүйл хэлж чадаагүй. Энэ жил Хутаг-Өндөрийн хөгжлийн санд 366 сая төгрөг төсөвлөжээ. Сумын хөгжлийн хөрөнгийг хуваарилах хамгийн гол зарчим болох ард иргэдийн саналыг сонссон, эсэхийг тодруулахад ч тэнд цугласан иргэдээс гар өргөх хүн тун цөөхөн байлаа. Нэлээд хүлээзнэсний эцэст нэгэн залуу аль багийн хэн сангаас авсан зээлээрээ юу хийж буйг дарга нараасаа хавьгүй илүү нэрлэж, нүүр тахалсан бол “Сангаас юу ч авч чаддаггүй” гэж нэг нь гомдоллов. Сумыг нь хөгжүүлэх санд хэдэн төгрөг төвлөрсөн, тэрийг нь хэн хэн авч, юу хийж байгаа нь хангалттай ил тод байсан бол Ерөнхий сайдын асуултад нутгийн удирдлагууд бардам хариулж, иргэд нь ч уралдан гар өргөх байсан биз. Магадгүй ийм байдал Монгол Улсын 300 гаруй суманд нийтлэг байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Хутаг-Өндөрийнхнийг халаасан энэ үйл явдал олон сумын удирдлагад сургамж байх болтугай. Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрт бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавьсан. Энэ онд нийслэл хоттой холбох Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймгийн авто замын барилгын ажлын явцын талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ.
Хөвсгөлийг нийслэлтэй холбоход хүлээгдэж буй Мөрөн-Тариалан чиглэлийн 25 км замын ажлыг энэ онд багтаан дуусгахыг хуралдаанаас хатуу анхаарууллаа. Учир нь Хөвсгөлийн замаас хамгийн асуудалтай нь дээрх хэсэг байгаа бөгөөд үүнээс бусдыг нь гэрээт хугацаанд буюу ондоо багтааж ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг бүрэн шийджээ. Зам барилгын компаниуд ажлаа чанартай гүйцэтгэхэд Зам, тээврийн яам гол анхаарлаа хандуулж ажиллахаа салбарын сайд нь хэлж байлаа. Энэ асуудлыг хэлэлцэх үед Хөвсгөл, Булган аймгийн Засаг дарга нар болон Хөвсгөлийн замд ажил гүйцэтгэж буй аж ахуй нэгжийн удирдлагууд оролцсон юм. Замын ажилд шаардлагатай элс, хайргаар хангаж ажиллахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов. Монгол хүн орон нутагтаа, аймаг, сумандаа тав тухтай ажиллаж, амьдрах боломж олгох нь Засгийн газрын гол зорилтын нэг. Энэ хүрээнд “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлж буй. Энэ онд 16 сумын төвд энэ шинэчлэлийг эхлээд байгаа билээ. Эдгээр сумын нэг нь Худаг- Өндөр. Сонгогдсон сумдын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон шугам сүлжээний ажлын зураг төсөл боловсруулах даалгаврыг тухайн аймаг, орон нутгийн холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж, сонгон шалгаруулалт зарлан ажиллаж буй талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хуралдаанд танилцуулсан. Энэ хүрээнд 10 сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулж, 20 гүний худаг, усан сан, цэвэр болон бохир усны шугам, цэвэрлэх байгууламж, дулааны станц барьж байгуулахаар төлөвлөжээ. Төслийг хэрэгжүүлснээр 43 мянга орчим хүн эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангагдаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариутгах татуургын шугамд холбогдохын зэрэгцээ төвлөрсөн дулаан хангамжтай, тав тухтай орчинд ажиллаж амьдрах боломжтой болох юм.
Хутаг-Өндөр суманд гэхэд цэвэр усны 4270, бохир усны 4300, гадна цахилгааны 9100 метр агаарын шугам, цэвэрлэх байгууламж, гүний худаг, шахуургын станц, 1.5 км авто зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон тохижилтын ажил хийх юм байна. Сумын шинэчлэпд зарцуулах таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтад иргэд хяналт тавихаас гадна өөрсдийнх нь оролцоо өндөр байх учиртай. Хутаг- Өндөр сумын иргэдийг энэ ажилд идэвхтэй оролцож, амьдрах орчноо сайжруулахын төлөө сэтгэл гарган ажиллахыг Ерөнхий сайд уриалаад төслийн ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав. Ийнхүү хөдөөгийн хөгжилтэй холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцсэн Засгийн газрын хуралдаан тодорхой шийдвэр гаргаж, холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгснөөр өндөрлөхөд бороо ганц нэг дусалж эхэллээ.
Б.НОМИН