
Хаврын чуулганыг өндөрлүүлэхийн өмнөхөн Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ баталсан. УИХ-ын дэд дарга Л.Цог төр Цагаан суваргын ордод хувь эзэмшихгүй болсон нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандаж буйгаа мэдэгдлээ. “Анх Засгийн газраас тус тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд Монголын төр 34 хувь эзэмшихээр тусгасан байсан ч хэлэлцүүлгийн явцад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тэглэсэн юм. Энэ тухайд Эдийн засгийн байнгын хорооны гишүүд “Төр эзэмших хувьдаа 350 сая ам.доллар төлөх болж байгаа нь эдийн засаг хүндрэлтэй үед хэцүү. Тиймээс Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй. Харин татвар авах ёстой” гэж байсан. Энэ нь ч батлагдсан. Ингэснээр УИХ Засгийн газарт тавих хяналтаа алдаж, Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Тиймээс энэ алдаагаа засах ёстой” хэмээн Цэцэд хандаж буйгаа мэдээлсэн юм.
Мөн тэрбээр “Улсын төсвийн хөрөнгөөр олон удаа хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий томоохон ордыг үнэгүйдүүлэх замаар хувийн өмчлөлд хууль бусаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн” гэв. “Нөгөө талаас энэхүү шийдвэр нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд дээрхтэй адилаар стратегийн ордыг төрийн мэдлээс гаргах боломжийг бүрдүүлэх үр дагавартай. Цагаан суваргаар тогтохгүй стратегийн олон ордыг хувьдаа авахаар зэхэж буй сайд, УИХ-ын гишүүд байгаа юм билээ. Төр оролцох хэрэггүй гэж байгаа нь өөрсдөө л бүхнийг авах гэсэн арга. Ард түмэн ядуу байна гэчихээд өөрсдөө ингэж баялгийг нь хумсалж болох уу.
Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ бол луйврын шинжтэй зүйл” гэж байсан юм. Түүнийг Үндсэн хуулийн цэцэд хандах болсонтой холбогдуулан академич С.Нарангэрэл байр сууриа илэрхийлж, УИХ-ын гишүүн ийн Цэцэд хандсан тохиолдолд шууд хэлэлцэх ёстой гэж байв. УИХ-ын дэд дарга Л.Цог сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.
-Эдийн засгийн байдлаас шалтгаалан төр эзэмшвэл зохих 34 хувьд ногдох 350 сая ам.долларыг гаргах боломжгүй байгаа нь үнэн. Таны хувьд асуудлыг яаж шийдэх байсан гэж?
-Хамгийн гол нь “МАК” одоо тэр 350 сая ам.долларыг босгох гэж байна. Мөнгө босгоход хүрвэл би ч чадна. Төр энэ ордоо өөрөө үнэлж, мөнгө босгох ёстой. Төр мөнгөгүй хүнд баялгаа өгөөд, хоосон хоцорч байна. Эргэлтийн мөнгөгүй гэдэг шалтгаанаар ингэж байна гэвэл худлаа. Энэ байдлаараа явбал стратегийн 16 орд бүгд байхгүй болно. Үндсэн хуулийн гол үзэл санааны эсрэг яваад байна шүү дээ.
-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Засгийн газарт орж ажиллаж байгаа. Та бүхэн үүнийгээ хэлж ойлгуулж, магадгүй эсэргүүцэж болоогүй юм уу. Эсвэл эрх баригчидтай ойлголцож чадахгүй байна уу?
-Та бүхэн мэдэж байгаа. Бидэнд 11 товчлуур дарах эрх бий. Үүнээс цааш үнэхээр дийлэхгүй байна. Дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар Цэцэд хандаж байгаа нь тэмцлийн нэг хэлбэр. Шүүх яаж хандахыг харъя. Ард түмний баялгийн төлөө тэмцэж, дуугарах болно.
Б.НОМИН