Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Оронд нь тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаярыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Б.Батзаяа ажлын хариуцлага алдаж нэг бус удаа анхааруулга авч, гурван сар цалингийнхаа 20 хувиар торгуулж байжээ.
Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнийг “Ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь өг” хэмээн хатуухан шүүмжилж байсан удаатай. Б.Батзаяа “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга гэх “давхар дээл”-тэй бөгөөд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт БНХАУ-ын “China CNP Corporation limited” корпорациас 60 сая ам.долларын үнэтэй зүтгүүрүүд худалдан авсан нь өдгөө ашиглагдахгүй, үхмэл хөрөнгө болсон гэж шүүмжлүүлдэг билээ.
Юутай ч ажлын хариуцлага алдсан гэж удаа дараа сануулга хүртсэн албан тушаалтанд ирэх сүүлчийн арга хэмжээ дээрх шийдвэр байсан бололтой.
Б.НОМИН