Бүгд найрамдах Өмнөд судан улсад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн багийн III-аар ээлжийн 850 энхийг сахиулагчид төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа Чингисийн талбайд боллоо. Африк тивийн аагим халуун, бороо, шавартай ямар ч нөхцөлд цэрэг хүний тэсвэр хатуужил, эр зориг гарган есөн сарын турш хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд ирсэн энхийг сахиулагчдын ар гэрийнхэн сэтгэл догдлон, баярын нулимстай хүү, охин, хайртай хүнээ угтан авсан юм.
Бүрээний нижигнэсэн дуу, энхийг сахиулагчдын мөр зэрэгцэн, хөл нийлүүлэн алхахтай дуу нийлэн сүр жавхланг тэнд буй болгоно. Эдгээр цэргийн алба хаагчдын хөдөлмөр зүтгэлийг төр, засаг хүндэтгэн үнэлж, төрийн дээд одон медалиар шагнаж буйг харахад өөрийн эрхгүй омогшмоор.
Энэ үеэр шагнал авсан хүмүүсээс дурьдвал, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн штабын дарга, дэд хурандаа Ү.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн штабын дарга, хошууч Ц.Мөнхбат нарыг “Цэргийн гавьяаны одонгоор”, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Л.Дагвасүрэн, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн орлогч дэд хурандаа Н.Гантөмөр, Зэвсэгч хүчний 167 дугаар ангийн соёл хүмүүжлийн дарга С.Төгсбаяр нарыг “Цэргийн хүндэт медаль”-аар шагналаа.
Ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч, генерал З.Болдбаатар, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон энхийг сахиулагчдын гэр бүл оролцов.
Энхийг сахиулагчдын хүлээсэн үүрэг нь орон гэрээсээ дайжсан хүмүүсийн лагерь байгуулах, тэдэнд туслах, 47000 гаруй хүнийг ундны усаар хангах, хүнс түгээх зэрэг юм.
Дайны хүнд бэрх нөхцөл, түүний дараах хор уршиг бүхнийг бие сэтгэлээрээ мэдэрч, эх орон, эцэг эх , элгэн саднаасаа хол үүрэг гүйцэтгэнэ гэдэг амаргүй даваа. Ийм нөхцөлд Монгол Улсын 36 эмэгтэй энхийг сахиулиад иржээ.
Мөн 850 энхийг сахиулагчдын дунд гурван эмэгтэйг эх барьж авсан цагдаагийн ахмад П.Цагааннохой бий. Энэ үеэр түүнтэй ярилцах боломж олдож, цөөн асуулт тавилаа.
ЦЕГ-ын авто баазын эмч, цагдаагийн ахмад П.Цагааннохой:
-Эх орноосоо хүлгийн жолоо залаад тэнд очиход сэтгэгдэл ямар байсан бэ. Мэдээж их өөр орчин угтаж авсан байх?
-Дөнгөж онгоцноос буухад аагим халуунд хөлс өөрийн эрхгүй дусалж байсан.14 хоногийн дараагаас орчиндоо дасан зохицсон. Цаг агаарын өөрчлөлттэй хүнд хэцүү нөхцөл байсан ч үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирсэндээ сэтгэл өндөр байна.
-Тэнд та гурван хүүхдийг эх барьж авсан гэсэн. Энэ талаараа ярихгүй юу. Өмнө нь хүүхэд эх барьж байв уу?
-Би Ховд аймгийн уугуул. Өмнө нь сумандаа хүүхэд эх барьж байсан удаатай. Бүгд найрамдах Өмнөд Судан улсад ахлах сувилагчийн үүрэг гүйцэтгээд, Суданы орон нутгийн иргэдэд эмнэлэгийн тусламж үзүүлдэг байсан. Энэ удаа эмнэлэгт биш, хээрийн нөхцөлд хүн төрүүүлсэн. Бентью хот дахь Нэгдсэн үндэсний байгууллагын Хувилай болон Арвай баазад орон нутгийн гурван эхийг төрүүлсэн. Хоёр хүү, нэг охиныг эх барьж авсан. Одоо IDP лагерт эх хүүхдүүд эсэн мэнд, эрүүл саруул бойжиж байгаа.
-Эмнэлгийн багийн хувьд нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явсан бэ?
-Монгол Улсын нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлэгийн баг 1000 гаруй хүнд үйлчилгээ үзүүлсэн Эмнэлэгийн багийн эмч ажилчиддаа цаашдийн ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад нийт алба хаагчдын өмнөөс баярласан талархсанаа илэхийлье.
М.Болорцэцэг
.