НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр хоёр жил ажиллаж буй Мухамед Малик Фолыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал хүлээн авч уулзлаа. Тэрбээр дараагийнхаа томилолтоор Төв Африкт ажиллахаар болсон байна. Түүнийг Монголд ажиллах хугацаандаа эрүүл мэндийн салбарт ялангуяа, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг. Тодруулбал, нярайн эрт үеийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад чиглэсэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажилласан байна. Сайд түүний энэ зүтгэлийг үнэлж, Эрүүл мэндийн яамны хүндэт тэмдгээр шагнав.
О.Ундрах