Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар манай улсад усны нөөцийн хомсдол нүүрлэж буй нь тогтоогдсон тул эрчим хүч, уул уурхайн хөгжлийн төлөвлөгөөндөө усны асуудлыг тусгах зайлшгүй хэрэгцээ бий болж байгааг Азийн хөгжлийн банкнаас анхаарууллаа. Тус судалгааны хүрээнд ус, эрчим хүчний одоогийн төлөв байдлыг Монгол Улсын үндэсний түвшинд болон Туул голын сав газар, говийн бүсийн Галба-Ууш Долоодын сав газарт нарийвчлан судалжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голын сав газарт 2015 он гэхэд газрын гүний усны хэрэглээ хүлцэхүйц дээд түвшинд хүрч, усны хомсдол нүүрлэх төлөвтэй аж. Харин Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон уурхай, эрчим хүчний үйлдвэрлэлийн байгууламжууд байрлаж буй говийн бүсийн Галба-Ууш Долоодын сав газарт усны хурц хомсдолд даруй нэрвэгдэх аюул үгүй ч, 2025 он гэхэд жилийн усны хэрэглээ 108.2 сая шоо метр хүрэх тооцоо бий аж. Тиймээс эрчим хүч, уул уурхайн хөгжлийн төлөвлөгөөнд усны нөөцийн асуудлыг тусгахыг чухалчлахаас гадна орон сууц, үйлдвэрлэлийн салбарт эрчим хүчний ашиглалтыг сайжруулах, борооны усыг ашиглах, хаягдал усыг дахин ашиглахыг Азийн хөгжлийн банкнаас уриалав.