Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургадугаар сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлого авчээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүүхдүүдийг өчигдөр 19.00 цагт гурилтай шөл, талх идсэн. Үүнээс хойш 10 минутаас нэг цагийн хооронд хордлогын шинж тэмдэг илэрч, 103 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн гэдэг мэдээлэл өгч байна. Эмч, ажилтнууд хүүхдүүдэд яаралтай эмчилгээ хийснээр 58 хүүхдийн бие сайжирсан тул сургуулийн дотуур байранд тусгаарлажээ. Харин эмнэлэгт байгаа 45 хүүхдийн хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, бусдынх нь дунд зэрэг, хэл татагнах, хоолой боох, дотор муухайрах, толгой, хэвлий, үе мөчөөр өвдөх, хааяа таталт өгөх шинж тэмдэг илэрч байна.
Хордлого гарсан даруйд аймгийн Онцгой комисс хуралдан шаардлагатай арга хэмжээг авч байгаа аж. Хүүхдүүдийн идсэн хоол болон ногоон цай, талх, дрож, давс, мах, ундны ус, хүнсний ногоо зэргээс дээж авч Мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн лабораторид шинжилж байна. Мөн дотуур байрны гал тогооны хэрэгсэл, аяга таваг, тоног төхөөрөмж, орчноос 33 арчдасны шинжилгээ авч, лабораторийн шинжилгээнд өгчээ.