
Их эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Онходын Жамъяны мэндэлсний 150 жилийн ойд зориулан “Онходын Жамъян: Монгол хэл бичгийн ухаан”, ”Их эрдэмтэн Онходын Жамъян” бүтээлүүд хэвлэгдэн гарч өнөөдөр бүтээлийн нээлт боллоо. Номын зохиогчоор Шинжлэх ухааны Академийн монгол хэл, бичгийн эрдэмтэн, доктор Э.Пүрэвжав ажилласан бол редактораар ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, академич Д.Төмөртогоо нар тус тус ажилласан байна.
Номын нээлтэд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, академич Т.Төмөртогоо, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд, академич Ш.Бира зэрэг монголын хэл бичгийн эрдэмтэн, судлаачид оролцлоо.
“Онходын Жамъян: Монгол хэл бичгийн ухаан” номын хувьд их эрдэмтний амьд ахуй цагтаа хэвлүүлсэн 10 бүтээлийг анх удаа нэгтгэн нэгэн боть болгосон аж. Өнөөдрийг хүртэл Онходын Жамъяны бүтээлүүдийг зангидсан бүтээл гарч байгаагүй бөгөөд тус бүтээл нь монгол хэл, бичгийг зааж сургахад бас нэгэн судалгааны шинэ хэрэглэгдэхүүн болж буйгаараа ихээхэн ач холбогдолтой юм.
М.Болорцэцэг