Мод, модон материалын зах зээлийн одоогийн үнэ ханшийг 2005 оныхтой харьцуулахад бүх төрлийн банз 5.6 дахин, дүнз 5.3 дахин, түлээний мод 1.7 дахин нэмэгдсэн боловч хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ өөрчлөгдөөгүй хэвээр байгаа юм. Иймд ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг үйлдвэрлэлийн зориулалтаар сайн чанарын мод бэлтгэж, зах зээлд нийлүүлэн ашиг олох тохиолдолд харьцангуй өндөр, арчилгаа, цэвэрлэгээний зорилгоор огтлох, ойн чанарыг сайжруулах ажлын үед бага байхаар шинэчлэн тогтоолоо. Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосноор ойн нөөцийн экологийн болон нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үнэ цэнийг бодит байдалд ойртуулж, ой хамгаалах, нөхөн сэргээх ажлын зардалд зарцуулагддаг улсын татаасыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.