Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн энэ өдрийг Олон улсын Энх тайвны өдөр болгон зарласан байдаг. Манай улс НҮБ-ын Монгол дахь Суурин Зохицуулагчийн Газар, шашны болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөллүүдтэй хамтран 2001 оноос хойш энэ өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ. Олон улсын Энх тайвны өдрийн 2014 оны үйл ажиллагаа нь “Хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн оршин эрхтэй” хэмээх уриан доор явагдаж байна.
Дэлхийн олон оронд тэмдэглэдэг энэ ёслолыг Нью-Йорк дах НҮБ-ын Төв байранд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Энхтайвны хонхоо цохисны дараа дэлхий нийтийн энх амгалан, энхтайвны төлөө нэг хором дуугүй зогсон хүндэтгэл үзүүлдэг юм.