Жаран жилийн ой нь тохиож буй Барилгын Политехник коллежийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулж, Алтан гадас одонг тус сургуулийн туганд зүүж өглөө. Барилгын Политехник коллежийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнах тухай зарлигт “Монгол Улсын барилгын салбарт мэргэжилтэй, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд хүч хөдөллмөр, авьяас чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Барилгын Политехник коллежийг Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ. “Монголчууд бидний өвөг дээдэс барилга, архитектурын баялаг уламжлалтай ард түмэн байсныг одоогийн бидний амьдран буй гэр, түүгээр ч зогсохгүй Хүннүгийн үеэс үлэмж хэмжээтэй булш, онго, тахилын байгууламжийг барьж байгуулж байснаас харж болно. Одоогоос 2000 гаруй жилийн өмнө Египетийн хаад газрын гадаргаас дээш пирамид босгож байсан бол манай өвөг дээдэс газрын гүн рүү хаад язгууртныхаа булш, онго, тахилын байгууламжийг барьж байгуулж байжээ. Иймд Монголчуудын барилгын салбарын түүх нэгэн жарнаар хязгаарлагдахгүй эртний уламжлалтай гэдгийг энд онцлон хэлэхэд таатай байна” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулах үеэрээ хэлээд Монгол Улсын хөгжлийн тэргүүн эгнээнд барилгын салбарын хөгжил байх ёстой. Барилгын салбарын хөгжлийн чиг хандлагыг ажихад байгаль орчин, нийгэмд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай байхыг шаардах болж. Тиймээс бүтээн байгуулалтыг өрнүүлэх, барилга барих мэргэжилтэн олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадварлаг байх ёстой гэдгийг төр, засгийн зүгээс сүүлийн жилүүдэд онцгой анхаарч байна. Энэ шаардлагад хүрэхийн тулд багш, сурган хүмүүжүүлэгч, суралцагчдын ажиллах, сурах орчин нөхцөлийг өрсөлдөхүйц түвшинд хүргэх, барилгын үйлдвэр технологийн уламжлал шинэчлэлийг шинжлэх ухааны үндэстэй хослуулахыг цаг үе шаардах болсныг онцолсон байна.