Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийг байгуулахаар шийдвэрлэсэн. Есдүгээр сарын 15-ны өдөр тус хэлтэст ажиллах офицер, алба хаагчийн бүрэлдэхүүнийг томилж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр Хууль сахиулахын их сургуулийн хойд талд хуучнаар Амгалангийн цагдаагийн хэсэг буюу өрхийн эмнэлгийн байранд ажил үйлчилгээ явуулах болж, байрны засварын ажил хийгдэж байна. Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь Баянзүрх дүүргийн 8, 9, 10 ,11, 12, 20 ,23, 28-р хорооны нутаг дэвгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэнэ. Тус хороонд оршин суух иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өргөдөл, гомдол, гэмт хэрэг зөрчлийн дуудлагын ажил үйлчилгээг тухайн хэлтэст хандаж, авах боломжтой юм.