“Монгол-Солонгосын дүрс оношилгооны үндсэн чуулган- 2014” есдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд боллоо. Тус чуулганд ЭМЯ, БНСУ-ын мэргэжилтнүүд, МРН, АШУҮИС, Улсын болон хувийн эмнэлгийн төлөөлөгчид оролцсон юм.
Чуулганы үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ, “Монголын Радиологийн нийгэмлэг нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын боловсон хүчин ялангуяа дүрс оношилгооны боловсон хүчин бэлтгэхэд сүүлийн 20 гаруй жил эрчимтэй ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт 2010 оноос хойш технологийн дэвшилт хурдацтай хөгжихийн хэрээр шинэ эмнэлэг болон оношилгооны тоног төхөөрөмжүүд шинээр суурилагдан тусламж үйлчилгээг ард иргэдэд хүргэж байна. Үүнийг дагаад зарим өвчний ялангуяа хавдрын өвчлөлийг эрт үе шатанд илрүүлэх, ялган оношилгоог зөв хийхийн сацуу төгс эмчилгээний хувь өсөн нэмэгдэж байна” гэв.