Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай болон Боловсролын тухай хуульд "2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, сар бүр үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, сард олгох хэмжээ, хугацааг Засгийн газар тогтооно" гэсэн өөрчлөлт орсон. Үүний дагуу суралцагчдад олгох тэтгэлгийн журмыг шинэчилж боловсруулсан байна. Доктор, Магистр, Бакалаврын хөтөлбөрт өдрийн ангид суралцагч оюутнуудад тэтгэлэг олгохдоо байгууллага болон суралцагчид тавих шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: • Сургалтын байгууллагын төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос хоёр жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь ажлын байртай болсныг баталгаажуулсан байх; • Сургалтын байгууллага нь удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх; • Суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 10-12 багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх; • Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн, дипломын голч дүнг тус тус харгалзах; • Сургууль өөрийн сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх зэрэг шалгууруудыг тусгажээ. Тэгэхээр шинээр нэмэгдсэн дээрх шаардлагуудыг хангасан сургууль болон суралцагч нь үндэсний болон урамшууллын тэтгэлгийг авах эрхтэй болох юм байна.