Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга, урсгал засварын ажлын тендер шалгаруулалт гүйцэтгэлд шалгалт хийсэн талаар нийслэлийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Энэ сарын 10-16-нд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулгаар ахлуулсан Ажлын хэсэг улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боловсролын салбарын их засварын ажлын зохион байгуулалтад хяналт шалгалт хийжээ. Энэ онд нийслэлийн найман дүүргийн 39 барилга, байгууламжид засвар хийхээс 20 сургууль, 19 цэцэрлэгт ажлын тендер зарлагдаж, гүйцэтгэхээс найман сургууль, гурван цэцэрлэгийн ажил өнөөдрийг хүртэл тендер шалгаруулалтын шатанд байна. Сургууль цэцэрлэгийн засварын ажлын явц энэ сарын 16-ны байдлаар 93 хувьтай байгаа гэв. Зарим сургууль цэцэрлэгийн засварын ажил хугацаандаа дуусаагүй нь тендер шалгаруулалтын аргыг зөв сонгоогүйгээс нэг компани хоёр тендерт зэрэг шалгарч, ажиллах хүч хангалтгүйгээс засварын ажлыг удаашруулах, нийслэлийн Боловсролын газраас Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх сургууль, цэцэрлэгийн их засварын ажлыг тухайн оны төсөвт зураг төсөвгүй ажлын санал оруулсон зэрэг шалтгаантай байгаа юм байна. Түүнчлэн цэцэрлэгийн барилгын засварт төсөв зохиохдоо ажлын тоо хэмжээг зөв тодорхойлоогүй зэрэг дутагдлууд илэрчээ. Тиймээс одоо үргэлжилж буй сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг яаралтай дуусгах, цаашид дээрх алдааг гаргахгүй байхад анхаарч холбогдох хүмүүст анхааруулга хүргүүлэхийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд шалгалтын Ажлын хэсэгт үүрэг болголоо