Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл шархдаж гэмтсэн, галын аюул, осол гээд бүхий л яаралтай дуудлагыг Мэдээлэл шуурхай удирдлагын төв хүлээн авч ажилладаг. ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удидлагын төвд хоногт дунджаар 9000-12000 орчим дуудлага ирдэг байна. Ачаалал ихтэй үед энэ нь 13000 мянгад хүрдэг аж.
Мэдээлэл шуурхай удидлагын төвийн 101, 105, 102, 103 дугаарын утас бол яаралтай тусламж авах гэсэн иргэдийн дуудлага хүлээж авдаг тусгай дугаарууд юм. Утас цохисон нэг дугаарын ард хүний амь нас, эрүүл мэнд яригдаж байдаг. Иймээс ч харилцаа холбооны салбарт үйл ажиллагаагаа явуулдаг бүхий л үүрэн телефон, суурин утасны компаниуд дээрх дугаарууд руу иргэдээ үнэ төлбөргүй залгаж, тусламж авах боломжоор хангаж өгсөн байдаг. Харин энэ боломжийг буруугаар ашиглаж, алба хаагчдын хэвийн ажиллах нөхцөлд саад учруулах тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байна.
Сүүлийн үед хуурамч буюу тоглосон дуудлага ихэссэн талаар Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн ОН-тэй харилцах ахлах байцаагч, хурандаа М.Төмөрбаатар хэллээ. Тоглож залгаж байгаа хүмүүсийн ихэнх нь бага насны хүүхэд байдаг аж.

Есдүгээр сарын нэгнээс 16-ны хооронд гэхэд л тусгай дугаарын утаснуудад тус бүр 45-230 буюу нийтдээ 726 удаа тоглож залгасан тохиолдол гарсан байна. Тухайлбал, 8992..,дугаараас 225, 9998..дугаараас 145 ,...9925 дугаараас 55, 9594.. дугаараас 40 удаа тус бүр тоглож залгасан нь тус төвийн шуурхай байдлыг хангах үйл ажиллагаанд саад учруулж , яаралтай тусламж хэрэгтэй байгаа иргэдэд үзүүлэх үйлчилгээг удаашруулж байгаа юм.
Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь бүх дугаарыг авах үүрэгтэй байдаг байна. Тоглож байх хугацаанд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авах гэсэн хүмүүсийн дуудлага хүлээгдэж байдгаараа хор хохиролтойг мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хурандаа М.Төмөрбаатар онцоллоо. Дугаараа нууцлаж залгасан ч дугаар нь ил гардаг юм байна. Тухайн эзэнтэй эргэн холбогдох гэтэл утсаа авдагүйг хэлж байлаа. Үүрэн холбооны газруудаас мэдээллийг нь авахад хувь хүний нууцлал гэх шалтгаанаар мэдээллийг нь өгдөггүй юм байна.
Өнгөрсөн жил гэхэд л нэг дугаараас 512 тоглосон дуудлага ирсэн тохиолдол гарсан байна.
Тус төвийн алба хаагчид хүн үхсэн, шатсан, зодолдож байна , хулгайд алдлаа, осол гарлаа зэрэг хамгийн хүнд мэдээллүүдийг бусдаас түрүүлж сонсож 24 цагийн турш ажилладаг.
Гэтэл иргэд өөрийн уур бухимдлаа Мэдээлэл хүлээн авагчийн ажитнуудад гаргадаг байна. Мөн хэл амаар доромжлох тохиолдол ч цөөнгүй байдаж аж.
Тиймээс таны өгсөн нэг хуурамч дуудлагын цаана яаралтай тусламж авах гэсэн эрдэнэт хүний амь дээсэн дөрөөн дээр байж байдгийг бодох хэрэгтэй юм
М.Болорцэцэг